Миний тохиргоо

Хиймэл оюуны салбарын уналт ширүүсэж, Nasdaq индексийн өсөлт бүрэн арилав

Хиймэл оюуны Anthropic компанийн түүхэн IPO технологийн зах зээлийн уналтыг зогсоож чадсангүй. Энэ долоо хоногт АНУ-ын Nasdaq индекс дөрвөн их наяд ам.долларын үнэлгээгээ алдаж, дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд огцом савлаа.

Хиймэл оюуны салбарт тэргүүлэгч Anthropic компанийн хувьцаа арилжааны хоёр дахь өдрөө огцом буурч, дэлхийн санхүүгийн зах зээлийг доош татлаа. Баасан гарагт АНУ-ын Nasdaq Composite индекс 2026 оны бүх өсөлтөө алдаж, нэгдүгээр сарын 1-ний үнэлгээнээсээ 5%-иар бууран хаагдсан бол Wall Street Journal-ийн мэдээлснээр технологийн компаниуд нийт дөрвөн их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээ алдсан байна. Dow Jones болон S&P 500 индексүүд мөн уналтын бүсэд шилжиж хаагджээ.

Пүрэв гарагт биржид анх гарсан даруйдаа 40% хүртэл цойлоод, тухайн өдрийг 17%-ийн өсөлттэй өндөрлүүлсэн Anthropic компанийн хувьцаа баасан гарагт 9%-иар буурлаа. Ингэснээр хувьцааны ханш 88.30 ам.долларт хүрч, компани олон нийтэд санал болгосон анхны үнэ болох 83 ам.доллар луугаа дөхөж очсон юм. Түүхэн дээд амжилт тогтоосон энэхүү IPO нь хиймэл оюунд зарцуулж буй хөрөнгө оруулалтын өгөөжид эргэлзэж эхэлсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолыг намжааж чадсангүй.

АНУ-ын технологийн томоохон компаниудын хувьцаа уг уналтын араас шууд дагаж савлаа. Тухайлбал, хагас дамжуулагч үйлдвэрлэгч SanDisk компанийн хувьцаа 14%, өрсөлдөгч Micron 12%-иар унасан бол хиймэл оюуны чип нийлүүлэгч Nvidia 14%-иар огцом буурч хэдэн зуун тэрбум ам.долларын үнэлгээгээ алдсан байна. Их Британийн Saxo банкны стратегийн шинжээч Нил Вилсон технологийн салбарт өрнөж буй зогсолтгүй худалдах давалгаа Anthropic-ийн ханшийг 85 ам.долларын түвшинд хүргэж болзошгүйг санууллаа.

Энэхүү савлагаа Ази, Европын хөрөнгийн зах зээлд хүчтэй цохилт үзүүллээ. Азийн зах зээлүүд 2020 оноос хойших хамгийн муу үзүүлэлттэй долоо хоногоо үдэж, Тайванийн бирж 6.7%-иар унаж дөрөвдүгээр сарын дунд үеэс хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол чип үйлдвэрлэгч TSMC 6%-иар унав. Япон улсад Nikkei индекс 5%-иар, Өмнөд Солонгосын технологийн компаниуд голлодог Kospi индекс 5.5%-иар тус тус буурч, хиймэл оюунд өндөр дүнгээр бооцоо тавьсан SoftBank-ийн хувьцаа Токиод 14.5%-иар огцом буурчээ.

Европын зах зээлд бүс нутгийн Stoxx 600 индекс баасан гарагт 1.9%-иар буурснаар 2025 оны гуравдугаар сараас хойших хамгийн өндөр долоо хоногийн алдагдлыг бүртгэсэн байна. Их Британийн хөрөнгийн зах зээлийн суурь болох FTSE 100 индекс энэ долоо хоногт 5.1%-иар буурч таван сарын доод цэгтээ хүрсэн нь Ираны дайн эхэлснээс хойших хамгийн огцом долоо хоногийн уналт болж тэмдэглэгдлээ. Үүнээс гадна пүрэв гарагийн арилжаанд Wall Street-ийн гол индексүүд бүгд 2%-иас дээш хэмжээгээр буурч уналтын хүрээ тэлсээр байв.

Хөрөнгийн зах зээлийн шинжээчид Anthropic-ийн хувьцааг худалдан авахын тулд хөрөнгө оруулагчид бусад компанийн үнэт цаасаа зарж, зах зээлийн хөрвөх чадварыг шавхаж байна гэж дүгнэж байна. Нөгөө талд АНУ-ын Холбооны нөөцийн банк инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ өсгөж болзошгүй гэсэн болгоомжлол ам.долларын ханшийг 19 сарын дээд түвшинд хүргэж, алтны ханшийг унагав. Энэхүү эрсдэлт орчны нөлөөгөөр Биткоины ханш долоодугаар сарын эхнээс хойш анх удаа 60,000 ам.доллароос доош бууж дөрвөн сарын доод цэгтээ хүрлээ.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж