Австрали даяар зохион байгуулдаг ашигласан эд зүйлсийг худалдах, шилжүүлэх 'Garage Sale Trail' хөдөлгөөн 16 жилийн дараа эцсийн арга хэмжээгээ хийлээ. Тус хөдөлгөөний сүүлчийн арга хэмжээнд нийт 12 мянга орчим айл өрх нэгдэн оролцсон байна. Хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд үргэлжилсэн уг аян 11 дүгээр сарын 15-ны ням гарагт албан ёсоор өндөрлөв.
Энэхүү санаачилгыг анх 2010 онд Даррил Николс, Эндрю Валдер нар Сидней хотын зүүн дүүрэг буюу Бонди орчмоос эхлүүлж байжээ. Тэд нутгийн иргэдийг хуучин эд зүйлсээ худалдахыг уриалснаар 130 хүн анх бүртгүүлж, улмаар улсын хэмжээний жил тутмын томоохон арга хэмжээ болон өргөжсөн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус хөдөлгөөнөөр дамжуулан 7.2 сая гаруй ашигласан бараа бүтээгдэхүүнийг хогийн цэгт хаяхаас сэргийлж, шинэ эзэнд шилжүүлснээр борлуулагчдад 52 сая долларын орлого төвлөрүүлжээ.
Тус аяныг хамтран үүсгэн байгуулагч Даррил Николс цаашид уг ажлыг өөр хэн нэгэн үргэлжлүүлэн авч явах сонирхол гарч болох ч өөрсдийн зүгээс нийгэмд үзүүлэх хувь нэмрээ оруулсан тул дараагийн шатандаа шилжих зөв цаг нь ирсэн гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр 1990-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр цахим худалдааны платформууд хөгжиж, уламжлалт гаражийн худалдаа багассан ч энэхүү төсөл олон хүнд эд зүйлсээ бусдад худалдах таатай боломж олгосныг онцлов.
Шинэ Өмнөд Уэльс мужийн Байгаль орчныг хамгаалах газрын (EPA) мэдээлснээр, хог хаягдлыг бууруулах дорвитой арга хэмжээ авахгүй бол Сидней хот 2030 он гэхэд хог хаях газаргүй болох эрсдэлтэй байгаа аж. Тус байгууллага уг хөдөлгөөнийг эргэлтийн эдийн засгийг дэмжиж, хог хаягдлын хэмжээ болон хууль бусаар эд зүйл хаях явдлыг багасгахад бодитой нөлөө үзүүлсэн шилдэг санаачилга хэмээн үнэлсэн байна.
Байгаль орчны ач холбогдлоос гадна энэхүү худалдаа нь хөрш зэргэлдээ оршин суугчдыг хооронд нь холбох нийгмийн онцгой үүрэг гүйцэтгэж иржээ. Даррил Николсын хэлснээр, нэг удаагийн арга хэмжээнд оролцсон дундаж хүн тухайн өдөртөө хөршүүдтэйгээ 30 орчим шинэ танилцал, харилцаа үүсгэдэг байв. Иргэд хашаа, гаражаа дэлгэн эд зүйлсээ зарж борлуулах нь хүмүүс хоорондоо чөлөөтэй ярилцах, нийгэмших таатай орон зайг бүрдүүлсэн гэж зохион байгуулагчид үзэж байна.
Албан ёсны төсөл дууссан хэдий ч иргэдийг хэрэгцээгүй болсон эд зүйлсээ хаяхын оронд бусдад дамжуулан худалдах, дахин ашиглах дадлаа үргэлжлүүлэхийг уриаллаа. Мужийн төв эрэг орчмын Канвалд хуучны эд зүйлсээ борлуулж оролцсон Кейли Чейни зэрэг иргэд чанартай хуучин тавилга, гэр ахуйн хэрэгслийг хогийн цэг рүү явуулахгүй хадгалж үлдэх нь чухал болохыг дурдсан юм.


