Бразилын ерөнхийлөгчийн сонгуульд зүүний үзэлтэй ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвад ялагдсан хэт барууны сенатор Флавио Болсонару эх орноосоо дүрвэж, АНУ-ыг зорьсон тухай эх сурвалжууд мэдээлэв. Түүний суусан онгоц агаарт ниссэн талаар холбогдох талууд мэдээлсэн бөгөөд тэрбээр мягмар гарагийн үдээс хойш Флорида мужид газардаж, улс төрийн орогнол хүсэх төлөвлөгөөтэй байгааг Дональд Трампын засаг захиргаанд уламжилжээ. Сонгуулийн өрсөлдөөнд тэрбээр 48.21 хувийн санал авсан хэдий ч төрийн эрх баригч Лулагийн эсрэг ялалт байгуулж чадаагүй юм.
Дээд шүүх түүнийг бооцооны компаниудтай холбоотой 905 сая ам.долларын мөнгө угаасан хэрэгт сэжиглэн шалгаж, сонгуулийн дүн гарснаас хойш хэдхэн минутын дараа паспортыг нь цуцалсан байв. Улмаар бичиг баримтаа холбооны цагдаад мягмар гарагийн өглөөний 11 цаг гэхэд хураалгах үүрэг хүлээсэн ч ирээгүй нь түүнийг дүрвэсэн гэх хардлагыг улам лавшрууллаа. Мөн тэрбээр 2023 онд авсан Италийн давхар иргэншилтэй бөгөөд тус улсын гадаад паспортыг давхар эзэмшдэг байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр эхнэр, хоёр охины хамт даваа гарагийн шөнө Бразил-Аргентины хилийг явганаар хууль бусаар давжээ. Улмаар Пуэрто-Игуасу хотоос хувийн онгоцоор нисэхээр завдсан ч төлөвлөгөө нь задарснаар өөр замаар АНУ-ыг чиглэсэн нислэгт шилжсэн байна. Сонгуульд ялагдсан нэр дэвшигч баривчлагдахаас ихээхэн айж эмээж байсан талаар түүний хуульчид болон хамтран зүтгэгчид онцолжээ.
Уг үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч Лулагийн Ажилчны намын хууль тогтоогчид Дээд шүүхэд хандан Флавиог баривчлах тушаал гаргаж, Интерполын 'Улаан булант' эрэн сурвалжлах жагсаалтад оруулахыг хүсэв. Түүний ах, конгрессын гишүүн асан Эдуардо Болсонару шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон хэргээр дөрвөн жилийн хорих ял сонсон, АНУ руу хэдийн дүрвээд байсан юм. Харин тэдний эцэг Жаир Болсонару 2018 онд гэнэт төрийн эрхэнд гарч байсан ч төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр гэрийн хорионд байна.
Улс төрийн салбарт 24 жилийн турш ажилласан Флавио 2016 оны Рио-де-Жанейро хотын даргын сонгуульд өрсөлдөхдөө халз мэтгэлцээний үеэр ухаан алдан унаж, дөрөвдүгээр байрт орж байсан түүхтэй. Түүнийг олон нийт эцэг шигээ манлайлах чадваргүй гэж үздэг бөгөөд ажилтнуудынхаа цалинг шамшигдуулсан зэрэг олон төрлийн авлигын асуудалд урьд өмнө нь нэр холбогдож байжээ. Гэсэн ч Эдуардо дүрвэсэн тул уг сонгуульд гэр бүлээ төлөөлөн өрсөлдөхөөс өөр сонголт түүнд үлдээгүй гэж шинжээчид дүгнэдэг.
Болсонаругийн гэр бүлийн гол гишүүд хуулийн хариуцлагаас зугтаж эхэлсэн явдал нь Бразилын барууны хүчний хүрээнд эрх мэдлийн томоохон хоосон орон зайг үүсгэлээ. Цаашид барууны намуудын манлайллын төлөөх өрсөлдөөн дөнгөж сая сенатороор сонгогдсон Жаир Болсонаругийн эхнэр Мишель болон конгресст сонгогдсон түүний бусад хөвгүүдийн дунд өрнөх төлөвтэй байна.


