Миний тохиргоо

АНУ ‘Patriot’ пуужингийн нийлүүлэлтийг саатуулж байна гэж Зеленский мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Оросын агаарын цохилтоос хамгаалахад нэн шаардлагатай байгаа пуужингийн нийлүүлэлтийг АНУ-ын засаг захиргаа хойшлуулж байна хэмээн мэдэгдэв. Тэрбээр даваа гарагт АНУ-ын сенаторуудад хандан хэлэхдээ, Европын холбоотнууд төлбөрийг нь бүрэн төлсөн байтал Пентагон пуужингуудыг илгээхгүй саатуулж буйг онцолсон байна.

Зеленскийн хэлснээр уг пуужингуудын тээвэрлэлт бэлэн болсон бөгөөд зөвхөн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн гарын үсгийг хүлээж байгаа аж. Түүнчлэн Европын зарим улс өөрсдийн нөөцөөс 'Patriot' пуужин шилжүүлэхэд бэлэн байгаа ч мөн л Вашингтоны зөвшөөрлийг хүлээж байгаа тул Украинд ирэх боломж хараахан бүрдээгүй байна гэв.

Үүнээс гадна Украин улс Оросын баллистик пуужингийн довтолгооны талаарх урьдчилсан сэрэмжлүүлэг мэдээллийг холбоотнуудаасаа аваагүйг Зеленский мэдэгдлээ. Нямгаас даваа гарагт шилжих шөнө Оросын тал нийслэл Киев болон ойролцоох бүс нутагт цуврал цохилт өгсний улмаас хагас сая гаруй өрх цахилгаангүй болжээ. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тагнуулын мэдээлэл хуваалцах үйл явц хэвийн үргэлжилж байгааг тайлбарласан байна.

Энэхүү маргаан нь хоёр орны харилцаа эрс хүйтэрсэн үед гарч ирлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эсрэг хоригийг сулруулсныг Зеленский шүүмжилсний хариуд Трамп түүнийг юу ч мэдэхгүй байна хэмээн буруутгаж, Украиныг төлөөлөн хэлэлцээ хийх өөр хүн хэрэгтэй гэж мэдэгдээд байна. Мөн Украины цэрэг болон дроны ажиллагаанд өргөн ашигладаг Илон Маскийн 'Starshield' хиймэл дагуулын сүлжээний ашиглалтад хязгаарлалт тавьж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгджээ.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж