Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён засгийн газрынхаа бүрэн эрхийн 500 хоногийн ойгоор хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ дайны цагийн цэргийн удирдлагыг шилжүүлэх асуудлыг хөндлөө. Тэрбээр АНУ-аас БНСУ-д суугаа зэвсэгт хүчний командлагч генерал Ксавьер Брансоны саяхан хэлсэн үгтэй холбогдуулан шууд бус байдлаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн байна.
АНУ-ын командлагчийн зүгээс Умард Солонгосын пуужингийн чадавх нэмэгдсэн тул удирдлагыг шилжүүлэх нөхцөл, шалгуур өөрчлөгдсөн гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Тэрбээр уг шилжүүлгийг урьдчилан тогтоосон хугацаагаар бус, харин Өмнөд Солонгосын цэргийн бие даасан чадавхад тулгуурлан шийдвэрлэх ёстойг онцолсон билээ.
Энэхүү мэдэгдэлд Ерөнхийлөгч Ли Жэ Мён хариулахдаа, холбоотон орны тавьж буй болгоомжлолыг ойлгож байгаа ч улс орныхоо батлан хамгаалах үйл явцыг өөрсдөө бие даан гүйцэтгэх учиртайг тэмдэглэв. Түүнчлэн Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам шилжүүлгийн нөхцөлийг байнга өөрчилбөл удирдлагыг бүрэн шилжүүлэн авах боломжгүй болно хэмээн өмнө нь болгоомжилж байсан юм.
Сөүлийн эрх баригчид Ерөнхийлөгч Ли Жэ Мёны бүрэн эрхийн хугацаа дуусах 2030 оноос өмнө буюу 2028 он гэхэд байлдааны ажиллагааг удирдах эрхийг шилжүүлэн авахаар зорьж байна. Харин АНУ-ын командлагч уг үйл явц 2029 оны эхний улирал хүртэл хойшилж болзошгүйг дурдсан нь талуудын дунд маргаан дагуулаад байна.


