Австралийн томоохон хотуудаас хөдөө орон нутаг руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн цар тахлын үеийн дээд түвшинд эргэн очсоныг Бүс нутгийн Австралийн хүрээлэнгийн (RAI) шинэ судалгаа харууллаа. 'Commonwealth Bank'-ны мэдээлэлд тулгуурласан тус тайланд дурдсанаар, 2026 оны зургаадугаар сарын улиралд хотоос хөдөөг зорих хөдөлгөөн 2021 оны түүхэн дээд үзүүлэлттэй тэнцсэн байна. Тухайн улиралд орон нутгийг зорьсон иргэдийн тоо нийслэл хотууд руу шилжсэн хүмүүсээс 30 хувиар давжээ.
Хүн амын гадагшлах урсгалд Сидней болон Мельбурн хотууд тэргүүлсэн бөгөөд 2026 оны зургаадугаар сарын улиралд бүс нутаг руу шилжсэн нийт хүмүүсийн 52 хувийг зөвхөн Сидней хотын оршин суугчид бүрдүүлсэн байна. Нийслэл хотуудаас нүүж буй иргэдийн дунд Квинслэндийн 'Саншайн Коуст' (Sunshine Coast) хамгийн эрэлттэй бүсээр шалгарч, нийт цэвэр шилжилтийн 8.7 хувийг дангаараа эзлэв. Түүний араас Викториа мужийн Жилонг хот удаалсан бол орон нутаг дотроо шилжигсдийн дунд Төв Гоулдфилдс болон Цаст уулсын (Snowy Mountains) бүс нутаг хамгийн түгээмэл сонголт болжээ.
Үүний сацуу Квинслэндийн хойд хэсгийн хөдөө аж ахуйн бүсүүдэд хотын иргэдийн шилжилт эрс өссөн дүнтэй гарлаа. Тухайлбал, Таунсвиллээс урагш орших Бурдекин бүсэд суурьших хотын иргэдийн тоо өмнөх оноос 238 хувиар өссөн бол Кэрнсийн ойролцоох Атертон Тэйбллэндсийн бүсэд хотоос шилжин ирэгсэд 131 хувиар нэмэгджээ. Орон нутгийн бизнес эрхлэгчид амьдралын зардал бага, гэр бүлээрээ аялж зугаалах таатай орчин нь өмнөд мужуудаас иргэдийг татах гол хүчин зүйл болж буйг онцолж байна.
Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Лиз Ричи хотын гурван оршин суугч тутмын нэг нь ирэх таван жилд хөдөө орон нутаг руу нүүх төлөвлөгөөтэй байгааг тэмдэглэв. Тэрбээр бүс нутгуудын дэд бүтэц, төлөвлөлтийг хүн амын бодит өсөлттэй уялдуулан сайжруулахын тулд үндэсний хэмжээний хүн амын нэгдсэн бодлого шаардлагатай гэж үзэж байна. Хөдөө орон нутгийн энэхүү хүн амын өсөлт, эрэлт нь тухайн бүсэд ажиллах ур чадвартай боловсон хүчний виз болон байнгын оршин суух (PR) эрх хүсэгчдэд олон боломж нээж буйг мэргэжилтнүүд онцоллоо.


