Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод сүүлийн таван жилийн хугацаанд гадаадын иргэдээс таксины төлбөрийг үндэслэлгүйгээр илүү суутгасан тухай 6,000 давсан гомдол бүртгэгджээ. Гэвч нийт гомдлын ердөө 3 орчим хувьд нь бодит арга хэмжээ авсан талаар тус улсын эрх баригч Ардчилсан намын гишүүн Мо Гён Жон ням гарагт мэдээлэв.
Сөүл хотын захиргааны албан ёсны тоон баримтаас үзвэл 2021 оноос энэ оны наймдугаар сар хүртэл гадаадын иргэдээс нийт 6,481 гомдол иржээ. Үүнээс захиргааны арга хэмжээ авсан нь 204 тохиолдол буюу нийт өргөдлийн 3.1 хувийг эзэлж байна. Тус 204 хэргээс ердөө 28 жолоочийн такси барих эрхийг түдгэлзүүлсэн эсвэл хүчингүй болгосон бол үлдсэн 176 жолоочид зөвхөн сануулах арга хэмжээ авчээ.
Нийт бүртгэгдсэн гомдлын 67 гаруй хувь буюу 4,368 тохиолдлыг хэрэг үүсгэхгүйгээр дотооддоо хаасан байна. Үүнд таксины төлбөрийг илүү тооцсон эсэхийг нотлоход хүндрэлтэй байсан болон гомдол гаргагч өргөдлөө буцаан татсан явдал голлон нөлөөлжээ.
Сөүл хотын захиргаа 2013 онд холбогдох журамд өөрчлөлт оруулж, таксины илүү төлбөрийн талаарх гомдол нь захиргааны шийтгэлээр баталгаажсан тохиолдолд гадаадын иргэнд 500,000 вон буюу 374 ам.долларын нөхөн төлбөр олгохоор заасан байдаг. Гэвч баримтаас харахад уг нөхөн төлбөрийг өнөөг хүртэл нэг ч иргэнд олгоогүй байна.
Парламентын гишүүн Мо Гён Жон уг журмын талаарх мэдээлэл иргэдэд хангалттай хүрээгүй, ялангуяа богино хугацаагаар зорчиж буй жуулчид нөхөн төлбөр хүсэхэд шат дамжлага нь хүндрэлтэй байгааг шүүмжлэв. Тэрбээр гомдол гаргагчийг хамгаалахын зэрэгцээ үүргээ хариуцлагатай биелүүлдэг нийт таксины жолооч нарын эрх ашгийг хангах бодит зохицуулалт нэн даруй хэрэгтэйг онцоллоо.


