Өмнөд Солонгосын Сөүл хотын баруун хэсэгт орших Пүчон хотын дөрвөн давхар металл боловсруулах үйлдвэрт баасан гарагт томоохон хэмжээний гал гарав. Галын албаныхан ажиллаж, хоёр цаг хагасын дараа галыг бүрэн унтраасан ч харамсалтайгаар нэг гал сөнөөгчийн зүрх зогсож, эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байхдаа амь үрэгджээ. Мөн өөр нэг гал сөнөөгч хүнд бэртэл авч, нийт долоон хүн гэмтэж бэртсэн байна.
Гал гарсан шалтгааныг тодруулахаар гал түймэртэй тэмцэх алба, цагдаа, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон Солонгосын цахилгааны аюулгүй байдлын корпорацийн хамтарсан баг бямба гарагт газар дээр нь үзлэг шалгалт хийлээ. Мөрдөн шалгагчдын тогтоосноор гал гарах үед ажилчид металл эд ангиудыг цэвэрлэхдээ будгийн шингэлэгч (тиннер) ашиглаж байсан байна.
Уг шингэлэгч уурших явцад үүссэн шатамхай хийн уур нь статик цахилгаан, цахилгааны нум эсвэл үрэлтийн дулаанаас үүссэн очоос авалцан шатсан байж болзошгүй гэж албаныхан сэжиглэж байна. Түүнчлэн үйлдвэрийн ажлын талбайд дэлбэрэлтээс хамгаалах тоног төхөөрөмж зэрэг аюулгүй байдлын үндсэн шаардлага хангагдаагүй байсныг шалгалтаар илрүүлжээ.
Хамтарсан шалгалтын багийнхан гал гарсан байж болзошгүй голомтоос ердөө 1-2 метрийн зайд арваад савтай шингэлэгч байсныг, үүнээс заримынх нь таг онгорхой байсныг тогтоов. Мөн тус талбайд хадгалагдаж байсан хэдэн зуун лааз будаг нь гал богино хугацаанд эрчимтэй тархахад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөрдөн байцаах баг үйлдвэрийн талбайгаас хураан авсан цэвэрлэгээний бодисын үлдэгдлийг нарийвчлан шинжлүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандахаар төлөвлөжээ.


