АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт гүйцэтгэх захирамж гарган, Оросын эсрэг хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хориг арга хэмжээг түр хугацаагаар түдгэлзүүллээ. Тэрбээр зарлигийнхаа 4 дүгээр заалтад үндэслэн Грэмийн хуулиар тогтоосон хязгаарлалт болон татваруудыг хэрэгжүүлэхээс татгалзаж байгаагаа албан ёсоор дурдсан байна. Түүнчлэн энэхүү алхам нь АНУ-ын үндэсний эрх ашигт нийцнэ гэсэн батламжийг хууль тогтоогчдод хүргүүлжээ.
Цагаан ордон уг шийдвэрээ олон нийтэд оройхон мэдээлсэн бөгөөд хоригийг царцаасан нь үндэсний аюулгүй байдалд яг хэрхэн нөлөөлөх талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна. Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар Трамп болон түүний засаг захиргааны өндөр албан тушаалтнууд дараагийн арга хэмжээг авахаар шийдвэрлэх хүртэл энэхүү түдгэлзүүлэлт хүчин төгөлдөр үйлчилнэ.
Конгресс өнгөрсөн есдүгээр сард баталсан Грэмийн хууль нь хоёр намын дэмжлэгийг авсан төдийгүй Оросын газрын тос худалдан авагчдад 100 хүртэлх хувийн татвар ногдуулах эрхийг Засгийн газарт олгосон юм. Уг хуулийн гол зорилго нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дайны санхүүжилтийг танах, төрийн албан тушаалтнууд, банкууд болон газрын тос зөөвөрлөдөг сүүдрийн флотыг шийтгэхэд чиглэж байв. Гэвч Оросын түүхий эдийн томоохон худалдан авагч Энэтхэг зэрэг улсууд эдгээр хоригийн талаар ихээхэн болгоомжлол илэрхийлж байсан билээ.
Хоригийг хойшлуулах энэхүү алхам нь Трамп дэлхийн эрчим хүчний үнийг бууруулах зорилгоор Оросоос дизель түлш авахаар тохиролцсон тухай зарласнаас хойш долоо хоногийн дараа гарч байна. Шинжээчдийн үзэж буйгаар завсрын сонгууль ойртсон энэ үед Орост хориг тавих нь газрын тосны үнийг улам хөөрөгдөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Харин уг хуулийн төслийг санаачлагчдын нэг, Ардчилсан намын сенатч Ричард Блументал Ерөнхийлөгчийн шийдвэрийг хурцаар шүүмжилж, энэ нь үндэсний эрх ашигт огт хамааралгүй бөгөөд олон нийтийн эрх ашгаас ухарсан үйлдэл хэмээн мэдэгдлээ.


