Швед улсад Хүлээн авах тухай шинэ хууль аравдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болно. Тус хуулийн хүрээнд олон улсын хамгаалалт буюу орогнол хүсэгчдийн хөдөлмөр эрхлэх эрхийг зохицуулсан журмыг шинэчилжээ.
Шинэ журмаар өргөдлийг бүртгэснээс хойш Шведийн Цагаачлалын агентлаг зургаан сарын дотор шийдвэр гаргаагүй тохиолдолд орогнол хүсэгчдэд ажиллах эрх (өмнө нь ажлын зөвшөөрлийн чөлөөлөлт буюу AT-UND гэгддэг байсан) олгож болохоор заав. Гэхдээ уг хугацаа сунгагдсан явдал нь өргөдөл гаргагчийн өөрийнх нь буруугаас болоогүй байх ёстой бөгөөд холбогдох бусад шаардлагыг бүрэн хангасан байх үүрэгтэй.
Хууль хэрэгжихээс өмнө AT-UND буюу ажиллах чөлөөлөлт авсан иргэдийн эрх ерөнхий дүрмийн дагуу хэвээр хадгалагдаж, хөдөлмөр үргэлжлүүлэн эрхлэх боломжтой. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд олгогдсон эрх хүчингүй болж болзошгүй тул ажил олгогчид тухайн хүний ажиллах эрх хүчинтэй эсэхийг байнга шалгаж байхыг санууллаа.
Олон улсын хамгаалалт хүссэн бүх хүнд Шведийн Цагаачлалын агентлагаас өргөдлийн шинэ карт олгож байгаа бөгөөд энэ нь өмнөх LMA картыг бүрэн орлоно. Бүх өргөдөл гаргагчид аравдугаар сарын 1 гэхэд энэхүү шинэ картыг хүлээн авсан байх шаардлагатай. Карт дээрх QR кодыг уншуулснаар ажил олгогч ажилтны хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, эрхийг шалгах боломжтой юм.
Тус өөрчлөлт нь зөвхөн олон улсын хамгаалалт хүсэгчдэд хамаарна. Харин ЕХ-ны Түр хамгааллын зааврын дагуу хамгаалалтад авсан Украин улсын иргэдэд энэ журам нөлөөлөхгүй бөгөөд тэдний оршин суух зөвшөөрөлд ажиллах эрх шууд багтдаг тул өмнөх дүрмээрээ хөдөлмөр эрхэлсээр байх юм.