Оросын давшилтын чадавх бүрэн нуран уналаа гэж Сырский мэдэгдэв

Украины фронтын шугам бүрэн тогтворжиж, Оросын цэргийн давшилтын чадавх амьд хүчний асар их хохирлын улмаас эвдэрснийг тус улсын ерөнхий командлагч асан мэдэгдэв. Генерал Александр Сырский албан тушаалаасаа огцорсноос хойш анх удаа БиБиСи агентлагт дэлгэрэнгүй ярилцлага өгч, дайны өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэжээ. Түүний хэлснээр фронт дахь Москвагийн нийт хохирол Украины талынхаас зургаа дахин, харин амиа алдсан хүний тоогоор тооцвол 11 дахин их байна.

Энэхүү хохирлын тоог хоёр тал албан ёсоор нийтэлдэггүй боловч Их Британийн тагнуулын алба Оросын нийт хагас сая цэрэг амиа алдсан гэж тооцоолжээ. Харин Америкийн Стратеги, олон улсын судалгааны төвийн мэдээллээр 2026 оны зургаадугаар сар гэхэд Украины 150000 цэрэг амь үрэгдсэн гэсэн тооцоо гаргасан байна. Эхний хагас жилд Орос ердөө 61 хавтгай дөрвөлжин километр газар эзэлсэн нь фронт тогтворжсоныг илтгэх бөгөөд есдүгээр сард алдсан газар нь эзэлснээсээ давсныг дайн судлалын хүрээлэн ч нотолжээ.

Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн зун Сырскийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд 43 настай хошууч генерал Михаил Драпатыйг шинэ командлагчаар томилсон билээ. Энэ шийдвэр нь Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров болон ерөнхий командлагчийн хоорондын санал зөрөлдөөн, гудамжны эсэргүүцлийн цуглааны дараа гарсан явдал байв. Сырский хуучинсаг үзэлтэй хэмээх шүүмжлэлийг няцааж, сайд асан зэвсэг хангамжийн бодлогодоо газрын тээвэр болон мотоциклийг орхигдуулж, тэнцвэргүй байдал үүсгэсэн гэж буруутгав.

Тэрбээр өөрийн удирдлага дор дрон ашиглалтыг урьд хожид байгаагүй түвшинд хүргэж, дайсны арагш 1200 бээр буюу 2000 гаруй км зайд цохилт өгснөө тэмдэглэлээ. Дэлхийд анх удаа Нисгэгчгүй системийн бие даасан хүчнийг байгуулсан бөгөөд одоогоор Оросын нийт хохирлын 80% нь дроны цохилтод өртөж байна. Дайсны хүч онгоцоор 18 дахин, их буугаар 2 дахин илүү байсан тул Авдеевка, Угледараас ухрахад хүндрэл гарч байсныг хуучин командлагч хүлээн зөвшөөрөв.

Түүнчлэн 2024 оны наймдугаар сард эхлүүлсэн Курск мужийн ажиллагааг Сырский стратегийн чухал алхам байсан гэж хамгаалсан юм. Тухайн үед оросууд зургаа дахин давуу хүчээр довтолж байсан тул энэхүү довтолгоо тэдний нөөцийг сарниулж, Украины өмнөд бригадуудад сэргэх боломж олгожээ. Тэрбээр Европын холбоотнуудад хандан аюул хол байна гэсэн хийсвэр бодлоо орхиж, Оросын эсрэг дайнд яг одооноос бодитой бэлтгэхийг хатуу анхааруулсан байна.

Цаашид цэргийн ажиллагаанд робот төхөөрөмж болон хиймэл оюун ашигласан удирдлагын систем улам бүр шийдвэрлэх байр суурь эзэлнэ гэж ерөнхий командлагч асан таамаглав. Одоо талууд хуягт техникийг хамгаалах идэвхтэй хамгаалалтын системийг боловсруулахаар өрсөлдөж байгаа ч тулааны талбарт хүний хүчин зүйл голлох үүрэгтэй хэвээр үлдэнэ гэж тэр дүгнэлээ.

BBC NewsBBC News · Эх сурвалж