Миний тохиргоо

Их Британид хотын зөвлөлийн гишүүнийг хутгалсан этгээдийг хүн амины хэрэгт буруутгав

Их Британийн Баруун Йоркшир мужийн Брэдфорд хотод орон нутгийн зөвлөлийн гишүүнийг хутгалсан этгээдийг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан хэмээн албан ёсоор буруутгалаа. Цагдаагийн газраас мэдээлснээр, 32 настай Арфан Али гэгчийг хотын зөвлөлийн гишүүн, 52 настай Ибрар Али руу халдсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна.

Баруун Йоркширын цагдаагийн албаны мэдээлснээр, сэжигтэнд хүн амины хэрэг үйлдэхийг завдсан, бусдын биед халдсан болон нийтийн эзэмшлийн газарт хүйтэн зэвсэг авч явсан гэх зүйл ангиар ял төлөвлөжээ. Түүнийг бямба гарагт Лидс хотын анхан шатны шүүхэд танилцуулсан бөгөөд 12 дугаар сарын 21-нд Брэдфордын эрүүгийн шүүхэд болох дараагийн сонсгол хүртэл цагдан хорих шийдвэр гаргав.

Халдлага пүрэв гарагийн өглөө 11 цагийн орчимд болсон байна. Ибрар Алигийн гэр бүлийнхний гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тэрбээр тухайн үед орон нутгийн нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх ажилд хотын зөвлөлийн ажилтнуудад туслалцаа үзүүлж байжээ. Энэ үеэр зөвлөлийн гишүүн хамт ажиллаж байсан ажилтнаа хамгаалах гэж оролдох явцдаа олон тооны хутганы шарх авсан болохыг ар гэрийнхэн нь онцолсон байна.

Хохирогчийн авсан шарх хүнд боловч амь насанд нь аюулгүй, эмнэлэгт биеийн байдал нь тогтвортой байна. Цагдаа нарыг Манс гудамжинд шархадсан хүн байгаа тухай дуудлагын дагуу очиход зөвлөлийн гишүүн хүнд шархтай байжээ. Урьдчилсан мэдээллээр тэрбээр Торнбери өргөн чөлөөнд анх халдлагад өртөж, улмаар Манс гудамж руу хүргэгдсэн бөгөөд түргэн тусламжийнхан түүнийг яаралтай эмнэлэгт шилжүүлсэн байна.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж