Өмнөд Австрали мужийн Эйр хойгт пүрэв гарагт дэгдсэн хүчтэй шуурганы улмаас цахилгаан дамжуулах гурван цамхаг нурж, 24,000 орчим барилга байгууламж гэрэл цахилгаангүй болов. Ослын дараа сүлжээний оператор 'ElectraNet' компани хуучин Порт Линкольн станцыг түр ажиллуулж, шугамыг өөрчилснөөр хэрэглэгчдэд цахилгаан дахин нийлүүлж эхэлжээ.
Порт Линкольн хотын дарга Диана Мислов байгалийн гамшиг гэнэтийн байсныг онцлоод, цаашид ийм явдал давтагдахаас сэргийлж бүтээн байгуулалтын чанарыг шалгахыг шаардав. Мөн эрчим хүчний сүлжээнд хэт ачаалал үүсгэхгүйн тулд цахилгаан тасарсан айл өрхүүдийг нарны хавтангаа унтраахыг орон нутгийн цагдаагийн газраас анхааруулсан байна.
Бүс нутгийн Ерөнхий сайд Питер Малинаускас ням гарагт бороо орж, агаарын температур 30 хэмд хүрч халах тул сүлжээний ачаалал улам нэмэгдэхийг урьдчилан сэрэмжлүүлэв. Үүнээс үүдэн цахилгааны түр сүлжээ ойрын долоо хоногуудад дахин доголдож болзошгүй гэсэн болгоомжлол иргэд, бизнес эрхлэгчдийн дунд үүсээд байна.
Нутгийн рестораны эзэн Крэйг МакКати нөөц генератор ашиглаж байгаа ч 2016 оных шиг урт хугацааны тасалдал үүсвэл хүнд байдалд орно гэдгийг мэдэгдлээ. Түүний хэлснээр дизель шатахууны 20 цагийн нөөцтэй ч нийтийн шатахуун түгээх станцууд тоггүй болж зогсвол өөр гарцгүй болох аж.
Гэмтсэн байгууламжуудыг бүрэн сольж дуусгах тодорхой хугацаа одоогоор гараагүй байгаа бөгөөд түр тулгууруудыг хэдхэн хоногийн дотор босгохоор төлөвлөжээ. 'ElectraNet' компанийн төлөөлөгч Алекс Тренто '891 Adelaide' радиод ярихдаа уг байгууламжийн бүтцийн хийц найдвартай байсан тул шалгалтын хариуг үндэслэн цаашдын шийдвэрийг гаргана гэв.


