Германы хөлбөмбөгийн Бундеслигийн Боруссиа Дортмунд клуб тус улсын зэвсэг үйлдвэрлэлийн хамгийн том төлөөлөл болох 'Райнметалл' (Rheinmetall) компанитай хамтын ажиллагаагаа зогсоохоор шийдвэрлэв. Хөгжөөн дэмжигчдийн хоёр жилийн хүчтэй шүүмжлэл, шахалтын үр дүнд багийн удирдлага уг ивээн тэтгэгчийн гэрээг 2027 оны зургаадугаар сард хугацаа нь дуусмагц дахин сунгахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Клубын ТУЗ-ийн дарга Карстен Крамер ням гарагт болох ээлжит ерөнхий хурлын өмнө энэ шийдвэрийг танилцуулсан юм. Тэрээр анхнаасаа л маргаан дагуулсан энэхүү гэрээ цуцлагдсанаар багийн санхүүгийн боломж хумигдаж, төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа эргэн харахаас өөр аргагүй болсныг хүлээн зөвшөөрөв. Дортмундын 83,000 хүний суудалтай Вестфален цэнгэлдэх хүрээлэнд логогоо байршуулж байсан тус гэрээ нь жилд ойролцоогоор 7-9 сая еврогийн (7.68 сая ам.доллар) үнэлгээтэй байжээ.
Хамтын ажиллагааг 2024 онд анх эхлүүлснээс хойш дэмжигчид тасралтгүй эсэргүүцсээр ирсэн байна. Тухайн жилийн гишүүдийн хуралдаанаар санал хураахад 855 гишүүнээс 556 нь энэ гэрээний эсрэг, 247 нь дэмжиж, 52 нь түдгэлзсэн санал өгч байв. Крамер уг санал хураалтын үр дүн эцсийн шийдвэрт шууд нөлөөлснийг онцолсон юм. Райнметалл компани зэвсгээ ихэвчлэн Герман, Украин болон НАТО-д нийлүүлдэг хэдий ч зэвсэг үйлдвэрлэгчийг сурталчлах нь аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх клубын суурь үнэт зүйлтэй харшилж байна гэж дэмжигчид үзжээ.
Германы хөлбөмбөг дэх клубийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг гишүүд, дэмжигчид эзэмшдэг '50+1' дүрэм нь энэ шийдвэрийг гаргахад гол хөшүүрэг боллоо. Энэхүү дүрэм нь Англи, Францын лиг шиг баян эзэд болон гадаадын төр засаг клубийг бүрэн хяналтандаа авахаас хамгаалж, хөгжөөн дэмжигчдийн дуу хоолойг бодитоор хүргэх боломж олгодог билээ.
Германы лигт ийм эсэргүүцэл өмнө нь ч амжилт олж байв. Байерн Мюнхен клуб хүний эрхийн зөрчилтэй холбоотой шүүмжлэлийн улмаас Руанда улсын аялал жуулчлалын агентлагтай байгуулсан гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, өмнө нь Катарт төвтэй 'Катар Эйрвэйз'-тэй хийсэн хамтын ажиллагаанаасаа мөн татгалзаж байсан түүхтэй. Мөн Вердер Бремен багийн дэмжигчид шувууны аж ахуй эрхлэгч Висенхофтой байгуулсан гэрээг эсэргүүцсэн бол Унион Берлиний фанатууд түрээсийн үнэ хөөрөгдсөн үед үл хөдлөх хөрөнгийн компанитай хамтрахыг эсэргүүцэж байжээ.


