Их Британийн Англи бүс нутагт насанд хүрээгүй олон зуун хүүхдэд жин хасах үйлчилгээтэй GLP-1 төрлийн эмийг эмчийн жороор олгож байгаа бөгөөд тэдний дунд 12-оос доош насныхан ч багтжээ. Анх хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдийн сахарын хэмжээг зохицуулах зорилгоор гарган авсан уг бэлдмэлүүд нь 'Wegovy', 'Mounjaro' зэрэг нэрээрээ таргалалтын эсрэг өргөн хэрэглэгдэх болсон юм. 'The Guardian' сонины эрэн сурвалжлах ажлаар тус улсад насанд хүрэгчдээс гадна бага насны хүүхдүүд ч энэхүү тариаг хэрэглэж эхэлснийг баримтаар нотлов.
Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу Үндэсний эрүүл мэндийн албаны (NHS) холбогдох байгууллагаас авсан тоон баримтаас үзвэл, 2025-2026 оны санхүүгийн жилд 18-аас доош насны хүүхдүүдэд GLP-1 төрлийн эмийг 419 удаа бичиж өгсний 10 нь 12-оос доош насныханд хамаарчээ. Түүнчлэн энэ оны дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэлх дөрвөн сарын хугацаанд 341 жор олгогдсоны 15 нь 12 хүртэлх насны хүүхдүүдэд хамаарсан байна. Эдгээр тоон үзүүлэлтэд зөвхөн орон нутгийн эмийн сангаар олгосон эмүүд багтсан бөгөөд хувийн эмнэлэг, хорих анги болон томоохон эмнэлгүүдийн дотоод жор ороогүй тул бодит тоо хавьгүй өндөр байх магадлалтай ажээ.
Их Британид хүүхдийн таргалалтын түвшин жил ирэх тусам нэмэгдэж буй нь уг эмийн хэрэглээг өсгөхөд нөлөөлжээ. Үндэсний хэмжээний хэмжилтийн хөтөлбөрийн мэдээллээр 4-5 насны хүүхдүүдийн 10.7 хувь, 10-11 насны сурагчдын 22.8 хувь нь илүүдэл жинтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тайланд дурдсанаар 2024 оны байдлаар дэлхий даяар 5-19 насны 400 сая хүүхэд, өсвөр үеийнхэн илүүдэл жинтэй байгаагаас 170 сая нь таргалалттай гэж оношлогджээ.
Үүнтэй холбогдуулан NHS 2021 оноос эхлэн хэт таргалалттай 2-16 насны хүүхдүүдэд эрт үед нь туслах тусгай клиникийн төслийг туршиж эхэлсэн билээ. Энэ оны тавдугаар сарын байдлаар 6,500 орчим хүүхдийг эдгээр төвд шилжүүлсний дотор дөрвөөс доош насны 400 гаруй багачууд байв. Ийм төрлийн эмнэлгүүдээс зарим нь GLP-1 эмийг хүүхдүүдэд олгох төсөв санхүүжилттэй байдаг бөгөөд мэргэжилтнүүд зөвшөөрөл нь олгогдвол 8-аас дээш насныханд ч хэрэглэх хүрээг тэлэхээр судалж байгааг илэрхийлжээ.
Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнгөрсөн сард гаргасан зөвлөмждөө GLP-1 төрлийн жин хасах бэлдмэлийг 10-аас доош насны хүүхдүүдэд хэрэглэхгүй байхыг сануулсан ч туршилтууд үргэлжилж байна. Тухайлбал, 'Wegovy' эмийг үйлдвэрлэгч 'Novo Nordisk' компани 6-аас 12 хүртэлх насны 165 хүүхдийн дунд туршилт хийж, таргалалтыг бууруулахад үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эмч нарын тайлбарлаж буйгаар тус эмчилгээнд хамрагдаж буй хүүхдүүд нь хоолны дэглэм, сэтгэл зүйн тусламжаар үр дүнд хүрээгүй, элэгний өвчин, нойрны эмгэг, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин зэрэг хавсарсан хүнд өвчтэй байдаг байна.
Суррейн их сургуулийн профессор Мартин Уайт зэрэг эрдэмтэд уг эмийг хүүхдэд хэрэглэхдээ өсөлт хөгжил, бэлгийн бойжилт, сэтгэцийн эрүүл мэнд болон гаж нөлөөг нарийн хянах шаардлагатайг анхааруулав. Учир нь эмийг зогсоомогц эргээд жин нэмэх хандлагатайгаас гадна өсвөр насанд олон жил хэрэглэсэн урт хугацааны судалгааны баримт хараахан хангалттай биш байгаа юм. Гэсэн хэдий ч эмч нарын зүгээс таргалалт бол сонголт биш эмгэг бөгөөд цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол зүрхний өвчин зэрэг эрт нас барах эрсдэлд хүргэх тул энэ нь зайлшгүй шаардлагатай эмчилгээ гэдгийг онцоллоо.


