Миний тохиргоо

Шинэ сан дэлхийн халуун орны ойг хамгаалахад хөрөнгө төвлөрүүлж эхлэв

Дэлхийн халуун орны ой нь уур амьсгалын өөрчлөлтөд сөргөөр нөлөөлөгч нүүрсхүчлийн хийг шингээж, олон мянган төрөл зүйлийн амьтдын амьдрах орчин болдог. 2021 оны Глазгогийн уур амьсгалын хурлаар 140 гаруй орон 2030 он гэхэд ойн хомсдолыг зогсоохоор тохиролцсон ч мод бэлтгэл үргэлжилсээр байна. Зөвхөн 2024 онд гэхэд 8 сая гаруй га ой устаж үгүй болсон бөгөөд 1990 оноос хойш 490 сая шахам га ой сүйджээ. Харин сүүлийн үед эерэг ахиц гарч, Бразилын Амазоны ой дахь мод бэлтгэл 2025 оны наймдугаар сараас 2026 он хүртэлх хугацаанд 41 хувиар буурч, бүртгэл эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрлээ.

Энэхүү хамгаалалтыг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэхийн тулд Бразилын Белем хотноо зохион байгуулсан COP30 бага хурлын үеэр Халуун орны ойг хамгаалах сан буюу TFFF-ийг санаачлан эхлүүлсэн юм. Ойн бүс нутаг бүхий орнууд газар тариалан, уул уурхай эрхэлж ой сүйтгэх замаар ашиг олох нь их байдаг тул тус сан ойгоо бүрэн бүтэн хадгалсан улсуудад санхүүгийн дэмжлэг олгох замаар хамгаалалтыг урамшуулах зорилго тавьжээ. Төлөвлөгөө ёсоор 2027 оноос сангийн үйл ажиллагаа жигдэрч, энэ оны сүүл гэхэд засгийн газруудаас хөнгөлөлттэй зээл хэлбэрээр 10 тэрбум ам.доллар төвлөрүүлэх зорилт тавьсан байна.

Сангийн бүтэц нь зөвхөн улсуудын хандиваар хязгаарлагдахгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ч татахаар тооцоолжээ. Эхний ээлжинд банк, санхүүгийн байгууллагуудад зориулан 40 тэрбум ам.долларын бонд гаргах бөгөөд цаашид засгийн газруудаас 25 тэрбум, хувийн хэвшлээс 100 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, олон улсын зах зээлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Бонд худалдан авсан хувийн хөрөнгө оруулагчид жилд ойролцоогоор 5 хувийн хүү хүртэх боломжтой бөгөөд зах зээлийн аливаа эрсдэлийг засгийн газруудын хөрөнгөөр батлан дааж хамгаалах юм.

Төслийн хүрээнд ойгоо тайраагүй хадгалж чадсан улс орнуудад нэг га тутамд жилд 4 ам.доллар олгоно. Энэ мөнгөний доод тал нь 20 хувийг нутгийн уугуул иргэд, суурин бүлгүүдэд зориулах үүрэгтэй аж. Тухайлбал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс 2024 оны ойн нөөцөөрөө энэхүү тогтолцооноос жилд 333 сая орчим ам.доллар хүртэх тооцоо гарчээ. Ойн төлөв байдлыг хиймэл дагуулын нарийвчлалтай зураглалаар байнга хянах тул ой мод сүйдсэн тохиолдолд олгох санхүүжилтээс шууд суутгах хатуу хяналт тавих юм.

Энэхүү сангийн нэг онцлог нь олон улсын уламжлалт хөгжлийн зээлүүдтэй харьцуулахад хүлээн авагч орнуудад илүү хараат бус эрх мэдэл олгодог явдал юм. Хандив тусламжийн хөрөнгө тус санд 40 жилийн хугацаанд хадгалагддаг тул тухайн орны засгийн газар солигдсон ч төсөл найдвартай үргэлжлэх нөхцөл бүрдэнэ. Ойгоо сайн хамгаалсан улсад санхүүжилт тогтмол орж ирэх нь байгаль орчноо сүйтгэх бодлогоос сэргийлэх том хөшүүрэг болж өгнө гэж мэргэжилтнүүд онцолж байна.

Гэсэн хэдий ч тус санг бодитоор ажиллуулахад шаардлагатай 10 тэрбум ам.долларын анхны санхүүжилт одоогоор бүрэн бүрдээгүй байгаа нь сорилт үүсгээд байна. Одоогоор Бразил, Индонез, Франц, Их Британи, Нидерланд, Люксембург зэрэг улсууд болон сангуудаас нийт 7.9 тэрбум ам.долларын амлалт баталгаажжээ. Норвеги улс хамгийн өндөр буюу 3 тэрбум ам.доллар гаргахаа амласан боловч санхүүжилтийн дүн энэ ондоо багтан бүрдэхгүй бол амлалтаа цуцалж болзошгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Үүнээс гадна Герман улс 2027 оноос эхлэн 10 жилийн хугацаанд 1 тэрбум евро санхүүжилт олгох амлалт өгсөн бөгөөд үүнийг парламентын түвшинд эцэслэн батлах дутуу байгаа аж. Мөн Канад, Хятад, Өмнөд Солонгос, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнууд хөрөнгө оруулахаар судалж байгаа бол саяхан болсон COP31 хурлаар сайн дурын байгууллагууд 73 сая ам.доллар нэмж амласнаар нийт 88 сая ам.долларт хүрчээ. Зохион байгуулагчид оны эцэс гэхэд зорилтот 10 тэрбум ам.долларыг бүрдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Deutsche WelleDeutsche Welle · Эх сурвалж