Их Британи эрчим хүчний компаниудыг дампуурлаас сэргийлэх хураамжийг сэргээж магадгүй

Их Британийн эрчим хүчний салбарын зохицуулах байгууллага Ofgem өвлийн улиралд компаниуд олноор дампуурахаас сэргийлэх үүднээс 'зах зээлийг тогтворжуулах хураамж' (MSC)-ийг дахин нэвтрүүлэх санал боловсруулж, олон нийтийн хэлэлцүүлэг эхлүүллээ. Ойрх Дорнодын мөргөлдөөнөөс үүдэлтэй үнийн огцом хэлбэлзлийн үед хэрэглэгчид нэг нийлүүлэгчээс олноор шилжих явдлыг хязгаарлах нь уг алхмын гол зорилго юм.

Уг журмын дагуу эрчим хүчний бөөний үнэ 10-аас дээш хувиар буурах үед тогтворжуулах механизм автоматаар хэрэгжинэ. Энэ үед хямд тариф санал болгож өрсөлдөгчөөсөө үйлчлүүлэгч татсан нийлүүлэгчид бөөний үнийн зөрүүний 85 хувийг хуучин нийлүүлэгчид нь нөхөн төлөх үүрэг хүлээх юм. Өмнө нь Орос, Украины дайны улмаас бөөний үнэ огцом өсөх үед 30 гаруй компани дампуурч байсан тул уг хураамжийг 2022 оны дөрөвдүгээр сараас 2024 оны гуравдугаар сар хүртэл түр хэрэгжүүлж байжээ.

Энэхүү зохицуулалтыг хэрэглэгчдийн эрхийг хамгаалагчид шүүмжилж байна. Тухайлбал, 'MoneySavingExpert' сайтыг үндэслэгч Мартин Льюис уг хураамж нь эрчим хүчний компаниудын ашгийг хамгаалахын тулд хямд үнийн тариф гарах боломжийг хааж, өрсөлдөөнийг боомилно гэж үзэж буйгаа илэрхийлэв. Харин Ofgem-ийн зүгээс уг хураамж нь хэрэглэгчдийн төлбөрийг шууд өсгөхгүй бөгөөд харин зах зээлийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой гэж тайлбарлалаа.

Энэ өвөл Их Британийн айл өрхүүд сүүлийн гурван жилийн хамгийн өндөр эрчим хүчний төлбөртэй нүүр тулж байна. Аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн үнийн дээд хязгаарын дагуу дундаж хэрэглээтэй өрхийн жилийн эрчим хүчний зардал 1,663 фунтээс 1,723 фунт болж нэмэгдсэн бөгөөд ирэх нэгдүгээр сард дахин 149 фунтээр өсөж, 1,872 фунт хүрэх төлөвтэй байна.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж