Инчонд олон хүнийг хутгалсан этгээдийн сэдлийг тодруулахаар шинжээчид ажиллаж эхэллээ

Өмнөд Солонгосын Инчон хотын томоохон худалдааны цогцолборт зэвсэглэсэн этгээд найман иргэнийг хутгалж шархдуулсан хэргийг мөрдөн шалгаж байна. Инчоны Намдун дүүргийн цагдаагийн газраас мэдэгдсэнээр, халдлагын үндсэн шалтгаан болон гэмт этгээдийн сэдлийг нарийвчлан тогтоохын тулд гэмт хэрэг судлаач мэргэжлийн гурван сэтгэл зүйчийг мөрдөн байцаалтад оролцуулж эхэлжээ.

Хэрэг мягмар гарагийн үдээс хойш нийслэл Сөүлээс баруун зүгт орших Инчон хотын худалдааны цогцолборт гарав. Сэжигтэн болох 59 настай эрэгтэйг хүн амины хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлээр хэргийн газарт саатуулан, цагдан хорьжээ. Тэрбээр мөрдөн байцаагчдад халдлагатай холбоотой зарим мэдээллийг хэдийнэ өгсөн байна.

Халдлагын улмаас хохирсон хориод насны нэгэн эмэгтэйн зүрх зогсож, яаралтай хагалгаанд орсон бол бусад долоон иргэн эмнэлэгт тусламж үйлчилгээ авчээ. Гэрчүүдийн мэдээлснээр, этгээд хоёр гартаа хутга барин эскалатороор давхар хооронд шилжих үедээ тааралдсан хүмүүс рүү дайрсан байна. Улмаар худалдааны төвийн иргэд түүн рүү сандал шидэж байж хүч хэрэглэн зогсоожээ.

Баривчлагдах үедээ сэжигтэн их хэмжээний эм бэлдмэл авч явсан боловч цагдаагийн урьдчилсан шинжилгээгээр мансууруулах бодис илрээгүй аж. Цагдаагийн албан тушаалтан 'Бид өнөөдөр сэжигтнээс байцаалт авч дууссаны дараа үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргана' гэж мэдэгдлээ.

Korea TimesKorea Times · Эх сурвалж