Канадын нэрт зохиолч, байгаль хамгаалагч Маргарет Этвуд нүүдлийн шувуудын чухал түшиц газарт 183 метр буюу 600 фут өндөр холбооны цамхаг барих төлөвлөгөөг эсэргүүцсэн иргэдийн тэмцэлд нэгдлээ. АНУ-ын Чикаго хотод төвтэй 'DRW' санхүүгийн арилжааны компани Пели арал дээр уг цамхгийг босгохоор төлөвлөж байна. Хөрөнгийн зах зээлийн өгөгдлийг хэдхэн хоромхон дотор дамжуулснаар өндөр давтамжийн арилжаа эрхлэгчид олон сая долларын ашиг олох тооцоотой ажээ.
Эри нуурын баруун хэсэгт орших Пели арал нь Атлантын болон Миссисипийн нүүдлийн шувуудын зам огтлолцдог стратегийн чухал бүс нутаг юм. Хаврын улиралд тус газарт 200 гаруй төрөл зүйлийн сая сая шувуу хуран цуглардаг билээ. Нутгийн удирдлагууд 2023 онд 'DRW' компанитай тохиролцож, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард уг төслийг баталсан байна. Энэ шийдвэр бараг 300 байнгын оршин суугчтай тус арлын захиргаанд томоохон орлого оруулна гэж тухайн үеийн захирагч зөвтгөж байв.
Энэхүү төсөл Хойд Америкт дууч шувуудын тоо толгой эрс цөөрч буй эмзэг үед хэрэгжих гэж байна. Тус тивд 1970 оноос хойш 3 тэрбум гаруй шувуу устсан бол хол зам туулдаг нүүдлийн шувуудын тоо бараг 30 хувиар буурчээ. 2012 оны судалгаагаар зөвхөн Канадад холбооны цамхаг мөргөсний улмаас жил бүр 200000 гаруй шувуу үхдэг нь тогтоогдсон байна. Байгаль хамгаалагчид тус байгууламжийн 16 татлага утас болон дохионы гэрэл нь шөнийн цагаар нисэж буй шувуудыг төөрүүлж, олноор нь үхэлд хүргэнэ хэмээн түгшиж байна.
Маргарет Этвуд уг байгууламжийг шувууны 'суши цамхаг' хэмээн нэрлэж, Канадын талд ямар ч ашиггүй гэдгийг онцоллоо. Мөн Пели арлын уламжлалт нутаг дэвсгэрийг эзэмшдэг Колдвелл уугуул иргэдээс компани санал аваагүй болохыг шүүмжлэв. Түүнчлэн холбооны засгийн газраас нүүдлийн шувуудын аюулгүй байдлыг хангахын тулд өндрийг хязгаарлах, татлага утас ашиглахгүй байх дүрэм журам баримталдаг ч уг төсөл үүнийг бүрэн зөрчжээ.
Их Британид 2016 онд 'DRW' компанийн салбар санхүүгийн өгөгдлийг хурдасгах зорилгоор үүнтэй төстэй өндөр цамхаг барих гэж байгаад иргэдийн хүчтэй эсэргүүцлээр цуцалж байсан туршлага бий. Энэхүү түүх байгаль хамгаалагчдад төслийг зогсоох итгэл найдварыг төрүүлж байна. Одоогийн байдлаар Пели арлын шувуу судлалын ажиглалтын төв төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг шаардсан 30000 гаруй дэмжлэгийн захидлыг хүлээн авчээ. Тус байгууллага төслийн талаарх холбооны засгийн газрын шийдвэр нэгдүгээр сарын 19-нд гарна гэж найдаж байна.


