Бүгд Найрамдах Чех Улсын нийслэл Прага хотын Смихов дүүрэгт орших хуучин үйлдвэрийн бүсийг сэргээн засварлах томоохон ажлын хүрээнд 'Lihovar Food & Art District' төслийг хэрэгжүүлж байна. Үл хөдлөх хөрөнгийн 'Trigema' компанийн хэрэгжүүлж буй энэхүү бүтээн байгуулалт 12 дугаар сард үүд хаалгаа нээх бөгөөд 3,500 орчим ам метр талбайг хамарчээ. Шинэ төвд есөн зоогийн газар, уушийн газар, үзэсгэлэнгийн танхим болон соёлын арга хэмжээний талбай төвлөрөх юм.
Хоолны хэсэгт бургер, мексик хоол, пицца, шарсан тахиа болон покэ зэрэг олон төрлийн амттан бүхий газрууд байрлаж байна. Эхний ээлжинд 'Loki Smash Burgers', 'Bowlers', 'Hi Chicken', 'Alebrijes Cocina Mexicana', 'Pizza|Salame' зэрэг брэндүүд үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд 'Drink Art' уушийн газар нь 'Matuška' шар айргийг, 'Dog in Dock' дарсны газар нь тусгайлан үйлдвэрлэсэн дарсыг санал болгож байна. Цаашид зоогийн газрын тоог 12 хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Барилга нь хоёр давхар зохион байгуулалттай бөгөөд уушийн газар доод давхарт байрлана. Төвийн гол хэсэгт концерт, олон нийтийн уулзалт хийх зориулалттай тайз бүхий талбай байгуулсан бол гэр бүлүүдэд зориулсан хаданд авиралтын ханатай хүүхдийн тоглоомын талбайг мөн шийджээ.
Энэхүү төв нь зөвхөн хоолны газар төдийгүй соёл, урлагийн цогцолбор болох юм. Тухайлбал, Чехийн уран барималч Давид Черныйн уран бүтээлд зориулсан 'Musoleum' музей, гэрэл зураг болон дижитал урлагийг хослуулсан 'Lihovar Gallery' үйл ажиллагаа явуулна. Мөн хуучин үйлдвэрийн түүхийг гэрэл зураг, дүрс дууны тусламжтай үзүүлэх 'Echoes of Lihovar' үзэсгэлэнг зохион байгуулж байна.
Төслийн бас нэгэн онцлог нь үйлдвэрийн түүхэн янданг шинээр ашигласан явдал юм. Үзэгчид яндангийн дагуу шилэн лифтээр дээш гарч, Прага хотыг дээрээс нь бүхэлд нь тольдон харах боломжтой болжээ.


