Палестины нутаг дэвсгэр дэх хүний эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Франческа Албанезе бямба гарагт Мексикт хүрэлцэн ирлээ. Түүнийг Төв Америкийн Коста-Рика улсын хилээр нэвтрэхийг пүрэв гарагийн орой хориглосон бөгөөд нийслэл Сан-Хосе хотын олон улсын нисэх онгоцны буудалд хоёр хоногийг өнгөрүүлжээ. Тэрбээр бямба гарагт нисэх онгоцондоо суух хүртэл бараг 50 цаг унтаж амраагүй гэдгээ мэдэгдсэн байна.
Италийн хуульч Албанезе нь Коста-Рикагийн Их Сургуулийн урилгаар хүний эрхийн чиглэлээр хүндэт доктор гардан авахаар зорчиж байв. Гэвч тус улсын цагаачлалын албаныхан түүний нэр терроризмтэй холбоотой анхааруулгын жагсаалтад багтсан тул үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн үзэж, нэвтрэхийг нь хоригложээ. Албанезе нисэх онгоцны буудлын танхимын шалан дээр сууж байхдаа цахимаар хэлсэн үгэндээ Коста-Рикагийн засгийн газар өөрийг нь терроризмтэй холбосон худал мэдээлэл тараасанд ихээхэн харамсаж, дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна.
Мексик хотод хүрэлцэн ирснийхээ дараа тэрбээр өөрийг нь дэмжигчдэд хандаж, хүнд хэцүү нөхцөлд нисэх буудалд хоригдсон явдалд сэтгэл дундуур байгаагаа ярилаа. Түүнчлэн энэ бүс нутагт хөрш орнуудын зүгээс үзүүлэх шахалт хүчтэй мэдрэгддэгийг онцолсон юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Тюрк уг явдалд гүнээ түгшиж буйгаа илэрхийлэн, түүнийг хилээрээ оруулахыг Коста-Рикагийн эрх баригчдад уриалж байв. Коста-Рика нь АНУ-тай нягт харилцаатай төдийгүй Израильтай дипломат болон худалдааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлого баримталдаг байна.
Франческа Албанезе нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2022 онд томилогдсон бие даасан шинжээч бөгөөд Газын зурвас дахь Израилийн цэргийн ажиллагааг эрс шүүмжилж ирсэн юм. Тэрбээр Израилийг палестинчуудын эсрэг хоморголон устгах ажиллагаа явуулж байна гэж буруутгасан ч Израилийн тал үүнийг эрс няцаадаг. Өнгөрсөн онд түүний ажлын алба олон улсын томоохон компаниудыг Израильтай бизнес эрхлэхээ зогсоохыг уриалсны дараа АНУ түүнд хориг арга хэмжээ авч байжээ. Тухайн үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио түүний үйлдлийг 'АНУ болон Израилийн эсрэг улс төр, эдийн засгийн дайн явуулж байна' хэмээн тодорхойлсон түүхтэй.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израилийн өмнөд хэсэг рүү довтолсны улмаас 1200 гаруй хүн амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсаны хариуд Израилийн арми цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Газын эрүүл мэндийн яамны мэдээлснээр цэргийн дайралтын улмаас 74 мянга гаруй палестин иргэн амиа алджээ. Албанезе одоо Мексикт таван өдөр саатаж, Палестиныг дэмжих арга хэмжээ болон их сургуулийн лекцэнд оролцохоор төлөвлөсөн байна.


