Миний тохиргоо

Казахстаны кино театрууд анх удаа нэг саяас олон удаа үзвэр гаргав

Казахстаны кино театрууд 2025 онд түүхэндээ анх удаа нэг сая гаруй удаа үзвэр толилуулсан тухай судалгааны 'Energyprom.kz' цахим хуудас мэдээллээ. Өнгөрсөн онд нийт үзвэрийн тоо 18.3 хувиар өсөж, 2024 оны 927,500-аас бараг 1.1 саяд хүрчээ. Үүнийг даган үзэгчдийн тоо 16.2 хувиар нэмэгдэж 23.3 саяас 27 сая болсон байна. Цар тахлын өмнө буюу 2019 онд 962,300 үзвэр гарч байсан бол хөл хорионы үед 292,400 болтлоо цөөрчээ. Харин 2022 онд 985,500 болж өссөнөөс хойш ийнхүү шинэ амжилт тогтоосон бөгөөд хорин жилийн өмнөх 111,000 үзвэртэй харьцуулахад бараг арав дахин томорсон байна.

Кино салбарын төвлөрөл томоохон хотуудад хүчтэй хэвээр байгаа бөгөөд улсын хэмжээнд ажиллаж буй 118 кино театрын 21 нь Алматы хотод байрлаж байна. Мөн Астанад 11, Мангистау мужид ес, Караганда, Жамбыл муж болон Шымкент хотод тус бүр долоон театр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Дангаараа 374,600 үзвэр буюу нийт үзвэрийн 34.1 хувийг Алматы толилуулсан бол Астана 153,600, Шымкент 79,800 үзвэр гаргав. Эдгээр гурван хот нийт үзвэрийн 55.4 хувийг эзэлж байгаа бөгөөд мужуудыг Павлодар 48,300, Зүүн Казахстан 46,500, Костанай 40,200 үзвэрээр тэргүүлжээ. Тухайлбал ердөө хоёр кино театртай Зүүн Казахстан 46,500 үзвэр гаргасан бол есөн театртай Мангистау муж 39,500 үзвэр толилуулсан байна.

Үзэгчдийн хүрэлцээ ч мөн адил хотуудад төвлөрч, Алматыд 9.1 сая, Астанад 4.8 сая, Шымкентэд 2.2 сая үзэгч кино үзсэн нь улсын нийт үзэгчдийн бараг 60 хувийг бүрдүүлэв. Кино театрын үйлчилгээний нийт орлого 2024 онд 35.8 тэрбум тенге буюу 78.4 сая ам.доллар байсан бол 2025 онд 74.7 хувиар өсөж 62.5 тэрбум тенге буюу 136.8 сая ам.долларт хүрчээ. Энэхүү дүнг зөвхөн тасалбар борлуулалтаас гадна тоглоомын төв зэрэг бусад үзвэр, үйлчилгээний орлого бүрдүүлсэн байна. Орлого ирцээс илүү хурдацтай өссөн нь үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, үнэ өссөнтэй холбоотой гэж шинжээчид үзэж буй юм.

Кино театрын үйлчилгээний үнэ улсын хэмжээнд сүүлийн нэг жилийн хугацаанд дунджаар 10.1 хувиар нэмэгджээ. Тухайлбал үйлчилгээний өртөг Алматы хотод 28.8 хувь, Актобе мужид 16.2 хувь, Мангистау мужид 12.4 хувь, нийслэл Астана хотод 1.1 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар дундаж тасалбарын үнэ 2,600 тенге буюу 5.7 ам.доллартай тэнцэж байв. Тасалбар Усть-Каменогорск хотод хамгийн өндөр буюу 3,300 тенге (7.2 ам.доллар), Атырау болон Алматыд 2,900 тенге (6.35 ам.доллар) байсан бол Семей хотод 1,700 тенге (1.72 ам.доллар), Тараз, Петропавл, Талдыкорганд дунджаар 1,900 тенге (4.16 ам.доллар) байжээ.

The Astana TimesThe Astana Times · Эх сурвалж