Миний тохиргоо

Их Британийн цагдаа Расселл Брэндийг хүчингийн дахин хоёр хэрэгт сэжиглэн шалгаж эхлэв

Их Британийн жүжигчин, хошин шогч Расселл Брэндэд холбогдох хүчин болон бэлгийн хүчирхийллийн хэргийг мөрдөн шалгасан ахлах мөрдөгч өөр болзошгүй хохирогчдыг цагдаагийн байгууллагад хандахыг уриалав. Лондоны Саутворкын эрүүгийн шүүхэд дөрвөн долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа 51 настай Брэндийг шүтэн бишрэгч эмэгтэйгээ хүчирхийлсэн, түүнчлэн алдар нэр нь оргилдоо хүрсэн таван жилийн хугацаанд гурван эмэгтэйд бэлгийн халдлага үйлдсэн хэрэгт гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр пүрэв гарагт гарсан юм.

Ийнхүү шүүхийн шийдвэр гарсны дараа Лондоны Цагдаагийн газар буюу Скотланд-Ярд түүнийг хүчингийн дахин хоёр хэрэгт сэжиглэн шалгаж байгаагаа ил болгожээ. Холбогдох хоёр хохирогчийн гомдолд үндэслэн Брэндээс тайлбар мэдүүлэг авсан бөгөөд хэргийн материалыг Хатан хааны прокурорын албанд (CPS) шилжүүлсэн байна. Мөрдөгчид прокурорын багтай нягт холбоотой ажиллаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг цагдаагийн төлөөлөгч мэдээллээ.

Энэхүү хэргийг хариуцсан Лондоны цагдаагийн ахлах мөрдөгч Энди Фёрфи жүжигчин Брэндийг 'махчин' гэж тодорхойлоод, түүний нэр хүнд өсөх тусам хууль бус үйлдэл нь улам даварч байсныг онцлов. Тэрбээр 'Бидний ажил дуусаагүй, мөрдөн шалгалт идэвхтэй үргэлжилж байна. Энэ гэмт хэрэгт өртсөн хэн ч байсан цагдаад хандах хэрэгтэй. Бидэнд тусгайлан бэлтгэгдсэн алба хаагчид бий, бид та бүхнийг дэмжиж, сонсох болно' хэмээн мэдэгдсэн байна.

'Actinolite' нэртэй уг ажиллагааны хүрээнд цагдаагийн алба хаагчид 100 гаруй гэрчтэй биечлэн уулзаж, 1400 гаруй баримт бичгийг нягтлан, Брэндийн өмнөх ажил олгогчид болон хамтран ажиллагсдаас 340 гаруй мэдүүлэг авчээ. Шүүх хурлын өмнөх баримтад дурдсанаар 2023 оны 'Channel 4' телевизийн баримтат нэвтрүүлгээр Брэндийг өөрийг нь 16 настай сурагч байхад нь 'BBC'-ийн машинаар сургуулийнх нь үүднээс авахуулж, хүчирхийлэлд татан оруулсан гэж буруутгасан эмэгтэйн гомдол ч шийдэгдээгүй байгаа юм.

Үүнээс гадна Брэнд Их Британи болон АНУ-д иргэний нэхэмжлэлтэй тулгараад байна. Лондоны Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэгэн эмэгтэй Брэндийг 2008 онд Лос-Анжелес хот дахь харшдаа хувцсыг нь хүчээр тайлж, ор руугаа түлхэн хүсээгүй бэлгийн харьцаанд орохыг завдсан хэмээн буруутгажээ. Энэхүү үйлдлийг АНУ-д үйлдсэн тул Их Британийн эрүүгийн шүүх харьяалах эрхгүй байсан тул уг эмэгтэй 2025 оны хоёрдугаар сард Лондонгийн шүүхэд 100 мянган фунт стерлингийн хохирол нэхэмжлэн иргэний журмаар хандсан бөгөөд Брэнд уг мэдэгдлийг 'үндэслэлгүй худал' гэж няцаасан байна.

Мөрдөгч Фёрфи уг шүүх хурлыг залуусын давамгайлсан тухайн үеийн соёлын хүрээнд үйлдэгдсэн бэлгийн гэмт хэргийн олон хохирогч дуу хоолойгоо хүргэх эргэлтийн цэг болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Харин саяхан дууссан эрүүгийн хэргийн хохирогчид одоогоор ямар нэгэн нөхөн төлбөр нэхэмжлээгүй байгаа юм.

The Guardian UKThe Guardian UK · Эх сурвалж