Дэлхийн автомашины зах зээлийн хамгийн томд тооцогдох компаниуд 2024 оны эцсийн тайлангаа шил дараалан танилцуулж, тус зах зээлд хэн тэргүүлж буй, цахилгаан автомашины шилжилтэд хэн түүчээлж буйг тодорхойллоо.
“Toyota Motor” ноён оргилоос амар буухгүй
“Toyota Motor” компани 2024 онд 10.8 сая нэгж автомашин борлуулснаа тайлагнасан нь өмнөх оноос ялимгүй буурсан үзүүлэлт боловч “Volkswagen”-ийг дийлж, дэлхийн хамгийн том авто үйлдвэрлэгчийн байр сууриа тав дахь жилдээ дараалан хадгалахад хангалттай дүн байлаа. “Daihatsu”, “Hino” зэрэг охин компаниудынх нь үзүүлэлтийг нэгтгэсэн олон улс дахь нийт борлуулалт нь өнгөрсөн онд 3.7 хувиар буурсан байна. Харин “Volkswagen” ижил хугацаанд есөн сая автомашин нийлүүлсэн нь 2.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Уламжлалт бензин хөдөлгүүртэй болон хосолмол хөдөлгүүртэй автомашины эрэлт өндөр хадгалагдана гэдэгт мөрий тавиад буй “Toyota Motor” өнгөрсөн онд ердөө 139.8 мянга орчим цахилгаан автомашин борлуулжээ. Харин хосолмол хөдөлгүүртэй автомашиных нь борлуулалт 4.2 сая хүрсэн байна.
“Honda Motor”, “Nissan Motor”: Нэгдэн нийлэх хэрэгцээ
Дэлхийн авто зах зээлийн хүчний тэнцвэрийг өөрчлөх боломжтой түүхэн нэгдэн нийлэх хэлцэл эхлүүлээд байгаа Японы “Honda Motor” болон “Nissan Motor” компани хоёулаа базаахгүй үзүүлэлттэй жилийн тайлан танилцууллаа. “Honda Motor”-ийн өнгөрсөн оны борлуулалт 4.6 хувиар агшиж, 3.8 сая нэгж болсон бол үйлдвэрлэл нь 11 хувиар унаж, 3.7 сая болжээ. Харин “Nissan Motor” 3.3 сая нэгж автомашин борлуулсан нь 0.8 хувиар буурсан үзүүлэлт болсон байна.