“Alphabet” компанийн үүлэн тооцооллын бизнесийн өсөлт удааширснаар IV улирлын орлого нь шинжээчдийн төсөөлөлд хүрээгүйг тайлагналаа.
Тус компани 2024 оны IV улиралд хамтрагч компаниудын төлбөрийг тооцохгүйгээр 81.6 тэрбум ам.долларын орлоготой ажилласан байна. Дээрх мэдээллийн дараа “Alphabet”-ийн хувьцааны ханш есөн хувиар унажээ.
“Alphabet” 2025 оны үйл ажиллагаандаа 75 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан нь шинжээчдийн таамаглаж байсан 57.9 тэрбум ам.доллароос өндөр дүн болж байна. “Эдгээр хөрөнгө оруулалт нь үйлчлүүлэгчдийн туршлагыг сайжруулахад дэмжлэг болдог учраас орлогын өсөлтөд шууд нөлөөтэй” гэж “Alphabet”-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтын үеэр тодотгожээ.