Дэлхийн сансар судлалын байгууллагууд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай астероидыг анхааралдаа авч эхэлжээ.
Тодруулбал АНУ-ын сансар судлалын байгууллага /НАСА/ болон Европын сансрын агентлагаас тус астероид 2032 оны арванхоёрдугаар сард дэлхийг мөргөж магадгүй гэсэн юм.
Гэхдээ энэ магадлал маш бага буюу 1.2 хувьтай аж. Гэсэн ч үүнийг анхааралтай ажиглах хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
Энэхүү астероидыг одоогоор 40-100 метрийн өргөнтэй гэж тооцоолж буй бөгөөд ийм хэмжээний астероид хэдэн мянган жилд нэг удаа дэлхийд ойртдог. Мөргөлдвөл их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй гэв.
2024 YR4 хэмээн нэрлэж буй уг астероидыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард анх Чили улсаас ажигласан аж.
Хэдийгээр дэлхийтэй мөргөлдөх магадлал үнэхээр бага ч эрдэмтэд ямартай ч 2028 он хүртэл эрсдэл бий гэж үзэн анхааралтай ажиглах юм байна.