Филип Кюрри: Монгол зөвхөн Чингис хаан биш үлэг гүрвэлийн олдворууд, музейгээр дэлхийд танигдах боломжтой

Канад Улсын палеонтологич, Альберта хотын музейн эрхлэгч Филип Кюрри Монголд 1989 онд анх ирснээсээ хойш үлэг гүрвэлийн олдвор, түүний талаарх олон судалгаа, экспедицийг хийж байсан, хийсээр ч байгаа палеонтологийн салбартаа дэлхийд алдартай нэгэн юм. Түүнтэй палеонтологийн шинжлэх ухааны талаар, Монгол орноос олддог олдворууд, бид юун дээр анхаарах, хөгжүүлэх боломжтой талаар ярилцлаа.

“БИ МОНГОЛД ИРЭХ БҮРДЭЭ Л ПАЛЕОНТОЛОГИЙН ТАЛААР ШИНЭ ЗҮЙЛ СУРДАГ”

– Та палеонтологийн ажлаар Монгол оронтой анх хэрхэн холбогдсон түүхээс хоёулаа яриагаа эхэлье?
– 
1960-аад онд баруун зүүн тивийн орнууд тийм ч сайн харилцаатай байгаагүй учраас би Монголд ирж ажиллах талаар бодож байсангүй. Би баруун Канадын Альберта мужид ажлын гараагаа эхэлсэн. Альберта нь Монгол шиг үлэг гүрвэлийн олдвор ихтэй. Тиймээс би хоёр улсын энэ салбарын хамтын ажиллагааг илүү сайжруулах шаардлагатай гэж боддог байлаа. Анх Хятадад ажиллаж эхэлсэн ба 1989 онд Монголын үлэг гүрвэлүүдийн олдворыг судалж эхэлсэн. Улмаар 1996 онд бид анхны экспедицээ Баянзагт хийж, дараа нь 1998-1999 онд мөн л томоохон экспедицээ зохион байгуулсан.

Тэр цагаас хойш Монголд үргэлж ирж очин, эндхийн баг хамт олонтой судалгаа хийсээр иржээ. Би Канад, Монголоос олдсон үлэг гүрвэлүүдийн нийтлэг болон ялгаатай байдлыг судалдаг. Учир нь хоёр бүс нутгийн үлэг гүрвэл хоорондоо олон талаараа ижил төстэй ч, өөр зүйл их байдаг нь сонирхлыг минь татдаг. Жишээлбэл, Альбертад байдаг Тарбозавр нь монголоос олдсон Тираннозавр батаартай маш төстэй.

Мөн манайд Соолопус хэмээх нугасан хошуут үлэг гүрвэл бий. Монголд ч бас Соолопусын олдворууд байдаг. Гэх мэтчилэн олон үлэг гүрвэл хэдийгээр яг адилхан биш ч хоорондоо маш нягт холбоотой байдгийг судлахыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл тэдний ижил төстэй зүйлсийг ч, өөр өөр байдлыг ч ойлгохыг хүссэн. Судалгааны явцдаа тэдний амьдарч байсан орчин эрс тэс өөр байсан учраас хоорондоо адилгүй байсныг олж мэдсэн. Тодруулбал өнөө цагийн амьтад болох арслан, бар шиг хоорондоо холбоотой боловч яг ижил орчинд амьдардаггүй нь тэднийг өөр болгодог.

Тэгэхээр үлэг гүрвэлүүдийг судлах нь үүнтэй төстэй тул тэдний амьдарч байсан орчныг судлах нь бас тусдаа сэдэв юм. Энэ талаар илүү их судлахын тулд палеонтологийн судалгааг дэлхийн олон газар хийх шаардлага гардаг.

Канадад гаднын мэргэжилтнүүд ирж, үлэг гүрвэлийн олдворууд ямар чухал болохыг бидэнд ойлгуулсан юм. Монголд энэ салбарт анх ажиллаж байсан судлаачид ихэвчлэн Америк, Орос, Польшууд байсантай ижил гэсэн үг. Ингэснээр Монголд энэ төрлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эхлэл тавигдсан. Дэлхийн жишигт нийцсэн төдийгүй олон улсын судалгааны хөтөлбөрүүд энд хэрэгжиж байна. Гэхдээ дэлхийн бусад орных шиг хөгжүүлэхэд хугацаа хэрэгтэй.

-Та багаасаа үлэг гүрвэл сонирхдог хүүхэд байсан уу?
-Зургаан настайгаасаа хойш дуртай болсон. Үлэг гүрвэлийн талаар илүү ихийг мэдэхийг үргэлж эрмэлздэг байлаа. 11-12 настай байхдаа Рой Чапман Эндрюсийн Монголын тухай бичсэн номыг уншаад, ирээдүйд ямар хүн болох ёстойгоо ойлгосон.  Палеонтологич болохоор эргэлт буцалтгүй шийдсэн.

-Би интернетээс таны нэрээр хайлт хийхэд таны судалгааны ажил, шагнал, намтар гээд маш олон мэдээлэл байсан. Энэ салбарт дэлхийд алдартай нэгэнтэй ярилцаж байгаа минь ч нэр төрийн хэрэг санагдаж байна.
-Палеонтологич тийм ч олон биш. Намайг ажлын гараагаа эхлэхэд гарын арван хуруунд ч хүрэхгүй байсан. Харин “Юрийн галавын ертөнц” (Jurassic Park) киноны дараа палеонтологийн салбар илүү алдартай болж, олон боловсон хүчинтэй болсон.

Өдгөө дэлхийн хэмжээнд үлэг гүрвэлийн судалгаанд хамрагдан, цалинжиж буй 150 орчим хүн бий. Англичуудын хэлдгээр би жижиг цөөрөм дэх том загас байсан буюу энэ салбарт тийм ч олон хүн байгаагүй гэж болно. ТОлон хүн байгаагүй салбарт, үлэг гүрвэлийн олдвортой ажиллах хүсэл минь намайг алдартай болгосон байх. Би Канадын Альбертад, Монголд, бусад оронд ажиллаж буйгаа маш их хувь тохиол гэж боддог. Дэлхийн өнцөг булан бүрд үлэг гүрвэлтэй холбоотой олон  ажил хийдэг учраас илүүтэй танил болсон ч би гол төлөв Альберта, Монголд ихэнх цагаа зарцуулдаг даа.

-“Юрийн галавын ертөнц” гэснээс уг киноны дүрийг танаас санаа авсан гэж сонссон. Энэ үнэн үү?
-Энэ нь Майкл Кричтоны бичсэн зохиолоос эхтэй ч надаас бүхэлдээ сэдэвлэсэн гэж хэлэхэд өрөөсгөл. Гэхдээ уг номын тодорхой хэсэгт намайг дурдсан, гол дүрийн нэг хэсэг болсон гэж хэлж болно. Мэдээж номоос сэдэвлэж, Стивен Спилберг киног бүтээсэн ч тэр дүрээ Жак Хорнероос /АНУ-ын нэрт палеонтологич/ илүүтэй сэдэвлэсэн. Жак мөн Монголд ирж ажилласан туршлагатай.

“ХҮН ТӨРӨЛХТӨН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ, ТҮҮНИЙ НӨӨЦӨД МАШ БОЛГООМЖТОЙ ХАНДАХ ЁСТОЙГ ТЭД САНУУЛДАГ”

-Хүн төрөлхтнөөс өмнө амьдарч байсан амьтад болох үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг хайх чухам ямар ач холбогдолтойг өмнө нь ойшоодоггүй байлаа. Гэтэл энэ нь шинжлэх ухааны учир холбогдолтойг таны ярианаас ойлгож байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?
-Үлэг гүрвэлүүд маш олон талаараа чухал ач холбогдолтой. Хүүхдүүд үлэг гүрвэлд дуртай, тэдний сонирхлыг татдаг учраас боловсролын хувьд тэд маш үнэ цэнэтэй. Хэрэв дэлгэцийн бүтээл болговол алдартай болдог. Мөн шинжлэх ухааны сэдвээр хичээл заахдаа үлэг гүрвэлийг жишээ болговол хүүхдүүд дуртай учраас тэд илүү хурдан хүлээж авдаг. Үлэг гүрвэлүүд бидэнд боловсрол, телевизийн хөтөлбөрөөр дамжуулан олон талаар нөлөөлсөөр ирсэн. Шинжлэх ухааны хувьд энэ нь бидэнд түүхийг өөр өнцгөөс харж, аливаа зүйл хэрхэн хөгжиж буйг харуулдаг.

Жишээлбэл, үлэг гүрвэлүүд устаж үгүй болохоос өмнө 150 сая гаруй жилийн турш дэлхий дээр амьдарч байсныг бид мэднэ. Харх шиг жижгээс авахуулаад том биетэй, хүчирхэг хөхтөн амьтад ч үлэг гүрвэлүүдийн бүх хугацаанд амьдарч байсан. Гэхдээ үлэг гүрвэлүүд устах хүртэл тэд өнөөгийнх шиг чухал амьтад болж чадаагүй.

Бас нэг зүйл бол үлэг гүрвэлүүд устах хүртэл хөхтөн амьтад үлэг гүрвэлээс тэс өөр амьдралын хэв маягтай байсан ч дараа нь өөрчлөгдөж, одоо байгаа төрх байдлаараа бидэнтэй дасан зохицож чадсан. Эргэн тойронд нь үлэг гүрвэл байхад тэд ингэж чадаагүй. Мөн үлэг гүрвэлүүдээс шувууд үүсэлтэй. Эрдэмтэн, палеонтологич, биологичдын хувьд шувуу бол бараг л үлэг гүрвэл юм шүү дээ. Шувууд байсаар байгаа цагт үлэг гүрвэлүүд байсаар л байна гэсэн үг. Тэд албан ёсоор үлэг гүрвэлийн ангилалд багтдаг.

Гэхдээ үлэг гүрвэлийн талаар хүмүүсийн сонирхлыг үргэлж татдаг нэг зүйл бол 65 сая жилийн өмнө бүх том үлэг гүрвэл устаж үгүй болсон явдал юм. Энэ нь маш гэнэтийн явдал байсан. Тэд 150 сая жилийн турш дэлхийд ноёрхсоны эцэст нэг л өдөр алга болсон.

Би үлэг гүрвэл судлах явцдаа хэд хэдэн зүйлийг олж мэдсэн. Нэгдүгээрт, хүрээлэн буй орчны өөрчлөлтөөс болж үлэг гүрвэлийн төрөл зүйл багассан. Орчны томоохон өөрчлөлт гарахад үлэг гүрвэлүүд дасан зохицох чадвар муутай гэсэн үг. 65 сая жилийн өмнө сансар огторгуйгаас солир ирж дэлхийг мөргөсний дараа уур амьсгалын асар их өөрчлөлт бий болсон.

Агаарт маш их тоос дэгдэж, хэдэн сарын турш нарыг хаасан тул асар богино хугацаанд үлэг гүрвэлүүд устаж үгүй болсон. Үлэг гүрвэлүүд том биетэй амьтад учраас тэд хангалттай хурдан дасан зохицож чадахгүй байв. Тэдний шинэ орчинд дасах хугацаа олон сар үргэлжилдэг тул хурдан өөрчлөгдөж чадаагүй. Харин жижиг амьтад буюу жил бүр төл гаргадаг хулгана, шувуу гэх мэт зүйлс хурдан өөрчлөгдөж чаддаг.

Үлэг гүрвэлүүдийн биологийн төрөл зүйл, олон янз байдал буурах нь сайн зүйл биш. Ямар нэг өөрчлөлт гарахад тэд хангалттай хурдан дасан зохицож чаддаггүй.  Нэг үгээр дэлхий дээр том амьтад хэрэгтэй ч  жижиг амьтад ч бас хэрэгтэй .

Мөн үлэг гүрвэлүүд дэлхий дээр болж буй зарим үйл явдал буруу байдгийн бодит жишээ болж, бидний урт хугацааны оршин тогтнолд аюул учруулж буйг нотолсон. Өөрөөр хэлбэл бид биологийн олон янз байдал, түүний нөөцөд маш болгоомжтой хандах ёстойг сануулдаг.

Хоёрдугаарт, үлэг гүрвэлийн олдворууд эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой. Бид Альбертад 1985 онд 7,000 хүнтэй жижиг хотод үлэг гүрвэлийн музей нээсэн юм. Тэр музей жуулчдаас олсон орлогоор хэдхэн жилд зардлаа нөхөж чадсан. Монголд ч мөн тэгэх боломжтой. Жил ирэх тусам эко аялал жуулчлалын чиглэлээр ирэх жуулчдын тоо нэмэгдсээр байна. Эко аялал жуулчлалын нэг хэсэг нь үлэг гүрвэлийн аялал.

Монгол үлэг гүрвэлээрээ маш алдартай учраас жуулчдын сонирхлыг их татдаг. Энэ нь улсдаа олон сая долларын урсгалыг бий болгож, олон талаараа монголчуудын ойлголтыг тэлэх боломж юм. Та бүхэн зөвхөн Чингис хаанаараа биш үлэг гүрвэлүүд, бусад олон зүйлээр дэлхийд танигдах боломжтой. Тэгэхээр аялал жуулчлалын хувьд маш чухал зүйл. Альбертад үлэг гүрвэлийн музей нээх үед энэ төрлийн аялал жуулчлалаас их мөнгө олж болохыг Канадын Засгийн газар ойлгосон. Учир нь 7,000 хүнтэй энэ хотод жил бүр хагас сая жуулчин үлэг гүрвэл үзэхээр ирдэг. Мөн жуулчдаас оруулсан орлого салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр болдог.

-Монголын говийн олдворууд бусад орныхоос юугаараа онцлогтой вэ?
-Монголоос олдсон үлэг гүрвэлийн тоо маш их, бүр гайхалтай их. Дэлхийд үлэг гүрвэл ихтэй өөр улс байдаг ч танайхыг гүйцэхгүй. Баруун Хойд Америк, Аргентин, Монгол, мөн Хятадын говиос хамгийн их олдворууд олддог. Эдгээр газруудаас олдсон үлэг гүрвэлийн олдворуудын ихэнх нь ижил үеийнх буюу Цэрдийн галавын үеийнх учраас бид дэлхийн хэмжээний харьцуулалт хийх боломжтой. Тухайн үед өнөө цаг шиг зөвхөн нэг хүрээлэн буй орчинд амьдардаг амьтад ховор байсан. Жишээ нь зөвхөн Хойд Америкт, Австралид, Ойрх Дорнодод амьдардаг амьтад байдаг шүү дээ.

Өнөөдрийн байдлаар үндсэндээ 10 мянга гаруй төрлийн шувуу буюу өмнө нь дурдсанчлан “үлэг гүрвэл” байна. Мөн 4000 гаруй төрлийн хөхтөн амьтад, 6000 гаруй төрлийн мөлхөгчид, хоёр нутагтан бий. Өөрөөр хэлбэл бидэнд нэг дор олон мянган амьтан байна. Харин 150 сая жилийн түүхтэй үлэг гүрвэлийн түүхэд 1000 гаруй л зүйлийг олж нээсэн. Тэгэхээр энэ салбар одоо ч хөгжсөөр байгаа бөгөөд бидний мэддэггүй байсан шинэ төрөл зүйлийг илрүүлсээр байна. Мөн нээж амжаагүй олон мянган төрөл зүйл бий.

Үлэг гүрвэлийн өөр нэг сонирхолтой зүйл бол тэднийг судлах шинжлэх ухаан олон жилийн турш асар их өөрчлөгдсөн, улам нарийн болж байна. Жишээ нь би Тарбозавр шиг том биетэй үлэг гүрвэл дээр ажиллахдаа тухайн амьтныг бүхлээр нь харахаас гадна бичил эд эсийг нь микроскопоор нарийн харж, ясны жижиг нарийн хэсгүүдийг шинжилж, тухайн амьтны яаж олон сая жилийн турш амьдарсныг нь бүрэн судалж чадаж байна.

10-20 жилийн өмнө бид мэдэх боломжгүй гэж бодож байсан зүйлсээ өдгөө шинжлэх ухааны тусламжтайгаар төвөггүй мэддэг болсон. Бас нэг жишээ нь бид говиос үлэг гүрвэлийн хөлийн мөр олдог байсан. Хэрэв тэр мөр сайн хадгалагдаж чадсан бол үлэг гүрвэлийн арьсны хээг олж харах боломжтой. Арьсны хээний үлдцээр дамжуулж тухайн амьтны ерөнхий биеийн гадаргууг судлах боломжтой болсон. Зөвхөн арьсны хээний үлдцээр дамжуулж олон зүйл судлах боломжтой болсон гэсэн санаа л даа.

Мөн бид ясыг зүсэж, нимгэлж шинжлэн тухайн үлэг гүрвэлийн нас, хэзээ үхсэн болохыг олж мэдэх боломжтой. Ихэнх үлэг гүрвэл богино настай байсан гэдгийг тодорхойлсон ба тэдний дундаж наслалт нь 30 орчим жил юм. Тэдний амьдрах хугацаа орчин үеийн амьтадтай төстэй байжээ.

Хүмүүс үлэг гүрвэлүүд үлэмж биетэй тул олон зуун жил насалдаг гэсэн ойлголттой байв. Гэтэл тийм биш. Үлэг гүрвэл халуун цустай, ихэнх зүйл нь махан идэштэй байсан, богино насалдаг ч хурдан үрждэг, хөдөлгөөн ихтэй амьтад байсан.

Бид Монгол болон бусад улсын олдворуудын дотор гэдсийг нь судалсан. Үлэг гүрвэл юу идсэнийг харах боломжтой болсон. Зарим нь зулзаган үлэг гүрвэл идсэн байхтай ч таарч байв.

Олон үлэг гүрвэл шувуу шиг өдтэй байсан ч өд хадгалагдаж үлдэх нь амаргүй. Гэхдээ бид ясыг жижиглэн зүсэж судалснаар ихэнх махан идэшт үлэг гүрвэл өдтэй байсныг нотолж чадсан. Тэдний өд нисэхэд зориулагдаагүй, биеийн дулааныг хадгалах, халуун хүйтнээс хамгаалах, ясны бүтцийг нь хамгаалахад зориулагдсан байв. Өдгөө үлэг гүрвэлийн талаар маш олон төрлийн судалгаа хийж байна.

Ингэснээр бусад төрлийн палеонтологи болон шинжлэх ухааны нээлтүүдийг мөн давхар хийх боломжийг олгодог. Үлэг гүрвэлийн нээлтүүд бусад амьтны талаарх судалгааны суурь болдог. Палеонтологи, тэр дундаа үлэг гүрвэлийн чиглэлээр ажиллаж буй минь завшаантай сайхан цаг юм.

-Судалгаа гэснээс та монголчуудтай хамтраад багагүй хугацааг үджээ. Монголын палеонтологичдын ур чадвар, судалгааны арга барилын талаар сэтгэгдлээ хуваалцана уу.
-Тийм ээ, бид энд ажиллаж эхэлснээс хойш маш алдартай палеонтологичдыг мэддэг болсон. Ринченгийн Барсболд /Бямбын Ринчен гуайн хүү сурв./ бол Монголын хамгийн алдартай палеонтологич. Тэрээр 1970-аад онд, магадгүй түүнээс ч өмнө судалгааны ажлаа эхлүүлж, үлэг гүрвэлийн чиглэлээр ажилладаг олон монголчуудын зөвлөгч, чиглүүлэгч байсан. Энэхүү байгууллага бий болоход /Монголын палеонтологийн хүрээлэн/, палеонтологийн чиглэлд Монголыг алдаршуулахад түүний оруулсан хувь нэмэр их.

Энд мөн олон төрлийн судалгаа хийж, чадварлаг залуу мэргэжилтнүүд дэлхийн боловсролыг эзэмшиж, сурч мэдсэн зүйлсээ ашиглаж Монголдоо ажиллахаар ирж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн бусад оронд хөгжсөн арга техникийг судалж, эх орондоо хэрэгжүүлж байна. Өдгөө энэ чиглэлд Монголд ажиллаж байгаа хүмүүсийн тоо бага ч нэмэгдэж байна.

Мөн тэдгээр боловсон хүчин ажиллах боломжтой шинэ музей, шинэ газрууд нээж буй нь сайшаалтай. Баянзагт байгалийн цэцэрлэгт хүрээлэнг бий болгож байна. Жижиг музей байдаг ч шинэ олдвор, сорьц зэргийг судлах палеонтологич хэрэгтэй.

Өнгөрсөн жил Даланзадгад хотод дахин нэг музей нээн, үлэг гүрвэлийн сайхан үзэсгэлэн дэлгэж, Нэмэгт, Өмнөговь аймгаас олдсон олдворууд ямар үнэ цэнтэй, чухал болохыг харууллаа. Монголд олон үлэг гүрвэлийн дурсгалт газрууд бий. Энэ нь цаашдаа музейтэй болж, өмнө нь дурдсанчлан Монгол орноос олдсон үлэг гүрвэлийн олдворуудаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тусална.

Үүнийг дагаад монгол залууст шинэ ажлын байр бий болох боломжтой. Хамгийн гол нь Монгол орон маш баялаг олдвортой учир үлэг гүрвэлийн судалгаа хийх өргөн боломж бий. Монголд үлэг гүрвэл судалж, зарим тохиолдолд бусад орны мэргэжилтнүүдтэй хамтарч, монгол хүн шиг бие даан ажиллаж байгаа гаднынхан их. Тиймээс бүх судалгаанд монгол эрдэмтэд хамтран оролцдог бол бүр сайн. Ингэснээрээ тэд Монгол орноо үлэг гүрвэлээр улам алдаршуулахад хувь нэмрээ оруулна.

-Сүүлд Өмнөговийн Нэмэгтийн хонгилд хийсэн судалгааныхаа талаар дэлгэрүүлбэл?
-Энэ удаад үнэхээр сонирхолтой экспедици боллоо. 1965 онд Польш-Монголын хамтарсан палеонтологийн экспедицийн үеэр Нэмэгтээс хоёр урт хүзүүт өвсөн тэжээлт сауроподын олдвор олсон гэж тэмдэглэсэн байдаг. Тэд бол маш том үлэг гүрвэл.

Хамгийн сонирхолтой нь хоорондоо 50-хан километрийн зайтай хоёр өөр газраас олдсон.Нэг нь толгойтой ч их биегүй, нөгөө нь их биетэй ч толгойгүй байсан . Би тэднийг хоёр өөр төрөл зүйл гэдэгт эргэлздэг байлаа. Учир нь ижил орчинд, нэг цаг үед, тийм ойрхон зайтай хоёр зүйлийн үлэг гүрвэл амьдарч байсан нь эргэлзээтэй санагддаг байв. Эргэлзээгээ батлахын тул би заавал толгой эсвэл их биеийг нь олох байсан юм. Нэмэгтозавр хэмээх нэг зүйлийнх нь олдвор зөвхөн доод эрүүтэй гавлын яс байсан, тэд араг ясыг үлдээсэн нь сонирхлыг минь татдаг байсан. Би олон жил Нэмэгтийн хонгилд ажиллахдаа Нэмэгтозаврыг олсон газрыг хайж эцэст нь 2016 онд олсон. 

Азтай нь бид экспедицийнхны хэрэглэж байсан зүйлсийг олсноос гадна биеийнх нь араг ясны цухуйсан хэсгийг олсон. Энэ жил бид маш олон хүний бүрэлдэхүүнтэй, хөдөлмөрч багтай хамтран ажилласан. Мөн бид тусгай тоног төхөөрөмж ашиглаж, олдворыг ухаж гаргахын тулд олон тонн чулууг зөөх шаардлагатай болсон.

1965 онд олдворыг бүрэн зөөгөөгүй шалтгаан нь маш зузаан шаварлаг цонж дотор байсан. Өөрөөр хэлбэл гавлын ясыг цонжны гаднаас олсон ч их биеийн араг яс нь зузаан шаварлаг цонж дотор байсан хэрэг. Бид араг ясыг нь гаргаж авахын тулд 5 метр өндөр чулуулаг шаврыг зайлуулах шаардлагатай болсон юм.  Тиймээс энэ удаагийн бидний  экспедицийн зорилго бол чулуулаг шаврыг нурааж, цухуйсан ясыг гаргаж ирж, түүнийгээ шинжилж, нөгөө толгойгүй их биетэй олдвортой харьцуулж, энэ хоёр олдворыг нэг зүйлийн үлэг гүрвэл юм гэдгийг батлах явдал байв.  

-Үлэг гүрвэлийн олдвор хайх эхний алхам юу байдаг вэ? Метал илрүүлэгч шиг төхөөрөмж ашиглах боломжгүй тул чухам хаана байгааг яаж таамагладаг вэ?
-Газрын тос, байгалийн хий, алт гэх мэт ашигт малтмалын нөөцийг хайхад зориулагдсан техник хэрэгсэл байдаг ч үлэг гүрвэлийн олдворыг хайх их төвөгтэй. Хамгийн энгийн бөгөөд эхний зүйл бол алхаж, ажиглах. Бидний эхний найдах зүйл нь цонжоос яс цухуйсан эсэхийг  нарийн ажиглана.  Нэг ясны сэжүүр гарвал түүнээс цааш үргэлжлэх их бие, нуруу гээд чухам ямар амьтан болохыг тодруулахаар ухдаг. Энэ бол маш нүсэр ажил. Заримдаа хэдэн өдөр, сар эсвэл түүнээс дээш хугацаагаар алхах хэрэгтэй.

Харин Монгол үлэг гүрвэлийн олдвороор баялаг учраас их дөхөм байдаг. Олсны дараа мэдээж лабораторид судалдаг тул маш урт хугацааны үйл явц юм. Олон хоног алхаж, зөв газрыг хайх хэрэгтэй байдаг тул бид мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлэх ёстой. Олдворыг ухаж гаргахад урт хугацаа зарцуулдаг. Дараа нь яснуудыг цуглуулна, лаборатори руу явуулж, судалгаа хийнэ.

Үлэг гүрвэл бүрийн хувьд олон жил үргэлжилдэг ажил юм. Мөн төрөл бүрийн ажил, мэргэжил, мэдлэгтэй хүмүүс нэг баг болж, өөр өөр ургалч санаагаар хамтрах нь маш сайхан. Энэ ажилд маш их хүн хүч шаарддаг ч бүгд үүнийг хийх чин хүсэлтэй байдаг нь сайхан. Бид олон хоногшаргуу ажилладаг. Олон тонн чулууг хөдөлгөж зөөх нь эрдэмтдийн хийх ажил биш ч хийдэг. Бид хийх ёстой, учир нь бид хийхгүй бол өөр хэн ч хийхгүй.

-Палеонтологичдийн ихэнх нь эрэгтэй байх шиг харагддаг. Энэхүү салбарт эмэгтэй палеонтологич ховор байдаг уу?
-Үгүй ээ, өмнөхөөсөө харьцангуй нэмэгдсэн. Жишээ нь миний эхнэр палеоботаник мэргэжилтэй, чулуужсан ургамал дээр ажилладаг. Дэлхий даяар үлэг гүрвэлийн олдвортой ажиллаж байгаа хүмүүсийн 25-30 хувь нь эмэгтэйчүүд. Энэ тоо тогтмол нэмэгдэж байгаа тул хүйсийн харьцаа тэнцүү болохыг үгүйсгэх аргагүй.

Энэ салбарт ажилладаг эрчүүд эмэгтэйчүүдээс олон байдгийн нэг шалтгаан нь үлэг гүрвэлийн олдворууд нүсэр том буюу хүнд ажилд тооцогддогтой холбоотой байх. Төгсөх дамжааны оюутнуудыг бэлтгэдэг хүний хувьд охидын тоо одоо хөвгүүдийнхтэй бараг тэнцүү болсон.

-Таны дараагийн хамгийн том төлөвлөгөө юу ? Монголд дахин ирэх үү?
-Би Монголд ирэх дуртай. Монгол үзэсгэлэнтэй газар нутагтай, энд маш сайхан. Миний энд хийж буй судалгаа Альберта дахь судалгаатай маш нягт холбоотой тул би энд буцаж ирэх бүрдээ үргэлж ямар нэг зүйл сурдаг. Тиймээс жилдээ ядаж нэг удаа Монголд ирж, илүү их суралцах бодолтой байна.

-Та Үндэсний түүхийн музейд эрхлэгчээр ажиллаж байсан арвин туршлагатай. Тиймээс Монголын үндэсний түүхийн музейн талаар санал бодлоо бидэнтэй хуваалцаач?
-Энд үлэг гүрвэлийн олдворуудын байгалийн түүхийн томоохон музей яагаад байдаггүй юм бол гэж боддогоо нуухгүй. Учир нь Монгол бол үлэг гүрвэлийн олдвороор хамгийн алдартай газар. Мэдээж дэлхийд алдартай Чингис хааны түүхийг өгүүлэх музей байх нь зүй ёсных. Гэхдээ цаашид дэлхийн хэмжээний нөөц баялаг бүхий үлэг гүрвэлийн томоохон музейтэй болох нь мөн чухал гэж бодож байна.

Мөн олж цуглуулсан олдворуудаа хадгалах, арчлах хэрэгтэй. Монгол бол үлэг гүрвэлийн олдворыг хамгаалж, хулгайн анчдын эсрэг, эсвэл хэн нэгэн дур зоргоороо энд ирж олдворуудыг олж, авч явахыг зогсоохын тулд чадах бүхнээ хийдэг цөөн газрын нэг. Олдворууд Монголдоо үлдэх ёстой, үүнийг хамгаалах нь иргэн бүрийн үүрэг.

Тиймээс энд олдвор хадгалах сайн байгууламж хэрэгтэй. Монголын палеонтологийн хүрээлэн үлэг гүрвэлийн сорьц цуглуулж, хадгалдаг гол байгууллага. Гэхдээ энд багтаамж хомс, олдворуудыг байрлуулах зай хүрэлцээгүй. Тэдэнд цуглуулгаа хадгалах илүү их зай, олдворыг дэлгэж тавих өргөн талбай хэрэгтэй. Ингэснээр иргэд үзэж танилцах боломжтой болно шүү дээ.

-Палеонтологич хүний жаргалтай болон зовлонтой үе хэдийд байдаг вэ?
– 65 сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн олдворыг хамгийн анх харж байгаа хүн гэдгээ мэдрэх нь хамгийн жаргалтай мөч юм. Үргэлж сэтгэл хөдөлгөм байдаг. Ер нь Монголд бараг өдөр бүр олсон зүйлдээ сэтгэл догдолдог доо. Үнэхээр гайхалтай газар. Хамгийн гунигтай зүйл бол хангалттай хурдан хугацаанд олж чадаагүйн улмаас заримдаа элэгдэлд өртөж устсан сорьцуудыг харах. Монголд хулгайн анчдын асуудал 10-15 жилийн өмнөөс байсан.

Мөн ихэнх тохиолдолд хулгайн анчид хууль бус гэдгийг мэдсээр байж сорьцын маш үнэтэй хэсгийг авахыг оролдож устгадаг. Тэд гавлын яс, хөл, гар, сарвууг авахын тулд араг ясыг бүхэлд нь устгасан байдаг. Мөнгө болгохын тулд хэдэн шүд гэх мэт зүйлсийг авахаар бүхэлд нь сүйтгэсэн үлэг гүрвэлийн олдворыг хараад палеонтологичдын урам хамгийн их хугардаг. Зөвхөн соёог нь авахын тулд бүтэн зааныг намнадагтай адил.

-Таны цаашдын хүсэл мөрөөдлийн талаарх асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-Би маш азтай. Багаасаа л палеонтологич болно гэж мөрөөддөг хүүхэд байсан. Альбертад ажиллаж байгаад палеонтологич болж, цаашлаад музей байгуулсан. Мөн дэлхийн бусад оронд музей байгуулахад оролцох боломж гарч байв. Монголд ирэх нь миний мөрөөдлийн нэг байсан. Гэхдээ ингэж их дотносож, тогтмол ирдэг болно гэж төсөөлөөгүй, учир нь эхэнд хэлсэнчлэн боломжгүй зүйл гэж багадаа боддог байв.

Би олон мөрөөдлөө биелүүлсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам хийж буй зүйлс минь улам сайжирсаар байна. Дараагийн хойч үеэ бэлтгэж, хийсэн бүтээснээс минь илүүг хийхэд нь тэдэнд туслах чухал болсон. Шавь нар маань болон бусад оюутнууд үлэг гүрвэлийн талаар хэрхэн судалж, хөгжиж буйг хараад маш их сэтгэл хөдөлдөг.

– Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

Та сэтгэгдлээ оруулна уу
Нэрээ оруулна уу

- Сурталчилгаа -spot_img

Шинэ мэдээ

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...

НАСА-ийн хөлөг анх удаа нартай хамгийн ойр очих оролдлого хийж байна

НАСА-гийн сансрын хөлөг нар руу хамгийн ойртох түүхэн оролдлогыг...

ТикТокын од Хаби Ламе НҮБ-ын Хүүхдийн сангийн элч болжээ

Дэлхийн хамгийн алдартай TikTok хэрэглэгч болох Хаби Ламе НҮБ-ын...

Төстэй мэдээ

“Rolex” цагны үнэ тэнгэрт хадав

Боломжийн үнэтэй гэдгээрээ алдартай "Rolex" цаг энэ жил хаданд...

Шинэ Зеландын уул хүн шиг эрх эдэлнэ

Шинэ Зеланд улс Таранаки эсвэл Эгмонт гэгддэг ууланд хүн...

Энэтхэгийн шатрын тосгоны түүх

Энэтхэгийн Керала муж дахь Мароттичал тосгон 6000 орчим оршин...

Путин “Eurovision”-ы орос хувилбарыг зохион байгуулна

Европын өргөн нэвтрүүлгийн холбооноос жил бүр "Eurovision" олон улсын...