АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд үзүүлэх дэмжлэгийн хариуд газрын ховор элемент авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр даваа гарагт Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “АНУ 300 тэрбум орчим ам.долларын дэмжлэгтэйгээ “эн тэнцүү” зүйл Украинаас авах хүсэлтэй байна.
Украинд маш үнэ цэнтэй ховор элементүүд бий. Бидний тэдэнд өгч буй дэмжлэгийн хариуд ховор элементийн баталгаа хэрэгтэй” гэсэн юм.
Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн оны аравдугаар сард зарласан “ялалтын төлөвлөгөө”-дөө ийм санаа дэвшүүлсэн аж. Трамп сонгуульд ялалт байгуулахын өмнө ч Орос-Украины дайныг богино хугацаанд дуусгана хэмээн амлаж байсан.
Газрын ховор элементийг цахилгаан автомашин, гар утас зэрэг орчин үеийн технологийн үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй түүхий эд гэж үздэг.
Газрын ховор элемент нь химийн үелэх систем дэх 57-71 атомын дугаартай элементүүд мөн сканди, иттриумийг багтаасан 17 элементийн бүлэг нэр юм.
АНУ-д одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй газрын ховор элементийн уурхай нэг байдаг бөгөөд боловсруулах хүчин чадал нь тун бага аж. Гэсэн хэдий ч хэд хэдэн компани энэ чиглэлээр төслүүд хөгжүүлэхээр ажиллаж байна.
Харин Хятад улс нь газрын ховор элемент болон бусад стратегийн чухал ашигт малтмалын дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон.